
Г.Баттогтох
Доктор (Ph.D), ахлах багш
Илтгэлийн сэдэв:
“Монголын нууц товчоон” дахь өгүүлбэрийн орхилт
Clausal ellipsis in the The Secret History of Mongols
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль
Монгол хэл, хэл шинжлэлийн
тэнхим
Түлхүүр үг: Холбоосжилт, нэрийн орхилт, үйлийн орхилт, өгүүлбэрийн орхилт, Монголын нууц товчоон
Keywords: Cohesion, nominal ellipsis, verbal ellipsis, clause ellipsis, The Secret History of the Mongols
Илтгэлийн хураангуй
Холбоосжилтын тухай
Холбоосжилт бол юм үзэгдэл, түүний харьцаа хөдөлгөөний тухай төгс санааг бүрэлдүүлэх гол хэрэглүүр юм. Холбоосжилтын зарим төрөл болох төлөөлүүлэл, орлуулал, орхилт нь хоорондоо төстэй, хамааралтай байдаг тул ялгааг оновчтой тодорхойлох хэрэгтэй.
Түүхэн сурвалжийн хэл, түүний мэдээллийн бүтэц, холбомжийн онцлогийг судлан шинжлэх нь үндэстний хэл, сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц шинжийг тайлбарлах нэгэн арга болно. Ш.Чоймаа “МНТ-ы хэлийг олон талаас нь, үг хэллэг зарим өгүүлбэр, эхийн зарим хэсэг, зарим үгийн үгийн сангийн утга, үг бүтээх дагавар, үг хувилгах нөхцөл зэргийг улам бүр тогтолцоотой судлах зэргээр хэлний олон түвшинд нь судлах ажил эрчимтэй болж байхын хамт харь хэлээр орчуулах, эрдэм шинжилгээний латин галиг хийх, анхны монгол бичгийн эхийг тухайн үеийн үсгийн тиг, зөв бичих ёс, хэл зүйн онцлогоор нь сэргээх, орчин цагийн монгол хэлэнд дахин хөрвүүлж, эртний үг хэллэгийн тайлбар хийх, хожмын монгол түүхэн сурвалжуудтай эх бичиг судлалын үүднээс харьцуулах гэх мэт судалгаа үргэлжлэн хийгдэж, судалгааны чанарын түвшин ч сайжирчээ” [2017б: 7] гэж өгүүлсэн байдаг нь сурвалжийн хэлийг судлахын ач холбогдлыг тайлбарласан хэрэг юм.
Орхилт бол эхийн холбоо хамаарлын хэсэг бөгөөд эхэд нэг үг, өгүүлбэрийг дахин давтахгүйн тулд хэрэглэдэг. М.А.К.Халлидэй нар “Орлуулал ба орхилт нь өөр хоорондоо тун төстэй ойлголт юм. Орхилт бол тэгээр орлуулах арга тул уг хоёр ойлголтыг тус тусад нь авч үзэх аргагүй. Гэсэн хэдий ч орлуулал, орхилт нь эхийн суурь бүрдүүлэгч (утгын хувьд үг, өгүүлбэрийн хамаарлыг илтгэхдээ төлөөлүүллээс өөр) болох бөгөөд хоёр өөр төрлийн бүтцийн тогтолцоо, хэв маягийг харуулна. Орхилтын тухай өгүүлэхэд “хэлээгүй үлдээсэн зүйл”-тэй холбоотой ойлголт болно. “Орхисон зүйл юу байна вэ” гэдэг нь ойлгомжгүй хэрэг биш, харин ч тодорхой зүйл байдаг [1976: 142] гэж үзжээ. Тэд энэхүү саналаа Үүргийн хэл зүйн удиртгал бүтээлдээ лавшруулж өгүүлсэн байна [2014: 635]. Түүнчлэн Ж.Томпсон “Орхилтыг бичвэрээс илүү харилцаа ярианд голлон хэрэглэдэг. Энэ нь хоёр талын харилцааны тодорхой хэлбэр болох хэлэлцээр өрнүүлэх, хамтын ажиллагааг тогтооход тусалдаг” [2014: 220] гэжээ. Эхэлж өгүүлсэн төгс санаа (өгүүлбэр), түүний бүрэлдүүлбэр (нэр үг, үйл үг)-ийг удаах өгүүлбэрт дахин өгүүлэхгүйгээр орхиж, тэг хэлбэр (Ø)-ээр илэрхийлэх байдлаар зохиомжилно. Орхилт нь тэг хэлбэрээр илэрч байгаа тул эхийн утга санааг алдуулахгүй бөгөөд зарим талаар уг зүйлд хандаж буй баймж, үнэлэмжийг илтгэнэ.
Орхилтыг хэлбэрээр нь гурван дэд хэсэгт хувааж үздэг. Үүнд:
-
Нэрийн орхилт. Жишээ нь:
Гурван залуу аймаг руу явсан, бас нөгөө хоёр нь сум руу явсан.
Гурван залуу аймаг руу явсан, бас нөгөө хоёр Ø нь сум руу явсан.
Гурван залуу аймаг руу явсан, бас нөгөө хоёр залуу нь сум руу явсан.
-
Үйлийн орхилт. Жишээ нь:
Та өдөр бүр хичээл хийдэг үү? Тийм.
Та өдөр бүр хичээл хийдэг үү? Тийм, Ø .
Та өдөр бүр хичээлл хийдэг үү? Тийм, хийдэг.
-
Өгүүлбэрийн орхилт. Жишээ нь:
Танай дүү юу хийж байсан бэ? –Хичээл.
Танай дүү юу хийж байсан бэ? –Хичээл Ø.
Танай дүү юу хийж байсан бэ? –Дүү хичээл хийж байсан.
“Монголын нууц товчоон” дахь өгүүлбэрийн орхилт
Юм үзэгдлийн тухай өгүүлсэн төгс санаа (өгүүлбэр)-г нарийвчлах (elobrating), өргөжүүлэх (extending), үргэлжлүүлэх (enhancing) байдлаар тэлдэг. Орхилт бол эхийн бүтцийг хурааж буй хэлбэр мэт боловч угтаа эхийн санааг тэлэх нэгэн арга юм. Монголын нууц товчоонд эхний өгүүлсэн санааг удаах өгүүлбэрт орхин холбох тохиолдол хэд хэд ажиглагдасныг тайлан тайлбарлав.