top of page
b70e8974-80e0-4331-8438-915d23a7dd9e_edited.jpg

Г.Цэцэгдарь

Доктор (Ph.D), дэд профессор

Илтгэлийн сэдэв:

Фарханг-Э Насири толийг араб үсгийн монгол хэлний бусад толиудтай харьцуулах нь

Comparing a Farhang-e Nasîr-î dictionary with the other Mongolian dictionaries in Arabic script

Мэйл хаяг: tsetsegdari@msue.edu.mn

 

 

Монгол Улсын Боловсролын  Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль 

Монгол хэл шинжлэлийн тэнхим

Илтгэлийн хураангуй

Түлхүүр үг: Араб үсгээрх монгол хэлний толь бичгүүд, перс-халимаг хэлний Фарханг-э Насири толь, тэдгээр толиудын хэлний харьцуулал

 

Keywords: Mongolian dictionaries in Arabic script, Farhang-e Nasîr-î dictionary of Persian-Kalmyk languages, language comparing of these dictionaries

МУИС-ийн багш, түүхч др. Д. Анхбаярын 2023 онд Улаанбаатар хотноо хэвлүүлсэн “Фарханг-э Насири буюу Хачин хэлний толь” (ISBN 978-9919-521-31-8)-ийн монгол хэлийг араб үсгийн монгол хэлний бусад тольтой харьцуулах зорилготой.

Др. Анхбаяр Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их Сургуулийн Төв номын санд хадгалагдаж байгаа “Перс хэлний Насирийн толь”-ийн перс-халимаг хэлний тавдугаар бүлгийг перс хэлнээс монгол хэл рүү орчуулж, зохих түвшний хэлний харьцуулсан судалгааг гэрэл зургийн хамтаар хэвлүүлсэн юм.

 

Монгол хэлийг араб үсгээр тэмдэглэсэн бичгийн дурсгалууд буюу перс-турк-монгол хэлний Ибн ал-Муханны толь, перс-монгол, араб-монгол хэлний Лейдений гар бичмэл толь, Зирнийн гар бичмэл толь, араб-перс-турк-монгол хэлний Мукаддимат ал-Адаб толь, араб-перс-турк-грек-армен-монгол хэлний Расулидын Хааны толь зэрэг хоёроос зургаан хэлний хадмал толиуд нь XIV-XV зуунд хамаарах дундад үеийн монгол хэлний онцлогийг тусгасан байдаг.

 

1669-1700 оны хооронд буюу XVII зууны сүүл үед бичигдсэн байх үндэстэй гэж үзэж байгаа Фарханг-э Насири толийн монгол хэлийг, эцэг хүү Насирийн дурдсанаар халимаг хэлийг өмнө нэр дурдсан толиудын хэлтэй дөмөгхөн харьцуулж, цаг хугацааны хувьд лавтай хоёр зууны зайтай бичигдсэн тэдгээр толиудын монгол хэлний байдлыг тодорхойлон гаргах зорилготой.

 

Фарханг-э Насири толь нь 178a-196a гэж дугаарлагдсан 35 нүүр хуудастай, түүнээс 178a-194b нүүр хуудас нь толийн хэсэг бөгөөд нэг нүүр хуудсанд 11 мөртэй, хар бэхээр бичсэн монгол үгийн бичлэгийн дээд шугамд улаан бэхээр зурж, перс үгээс нь тодорхой ялгасан.

 

Тус толь нь 18 үсгээр толгойлогдсон бөгөөд толгой үсэг бүр нь дотроо араб үсгийн цагаан толгойн үсгийн дэсээр дэслэгдсэн 700 гаруй үг, холбоо үг, өгүүлбэр бүхий жагсаалттай, араб үсгийн бусад монгол толиудаас ялгарах онцгой бүтэцтэй толь юм. Тухайлбал,

 

Âlef бүлэг: 1). Âlef + Bâ 2). Âlef + Tâ 3). Âlef + Jîm 4). Âlef + Ḥâ 5). Âlef + Xâ 6). Âlef + Dâl 7). Âlef + Râ 8). Âlef + Sîn 9). Âlef + Gayîn 10). Âlef + Qâf 11). Âlef + Kâf 12). Âlef + Lâm 13). Âlef + Mîm 14). Âlef + Nûn 15). Âlef + Vâv 16). Âlef + Hâ fasil.

 

Перс-Халимаг хэлний тус толийн монгол үгийг тэмдэглэсэн байдал нь монгол хэлний түүхэн судлалд хэдийнээ танил болсон, өмнө нэр дурдсан толиудтай харьцуулбал, нэлээд будлиантай, ялангуяа цэг тэмдгийн алдаа мадаг ихтэй, араб, перс үгийнх нь орчуулгад нэлээд дулдуйдан тийм утгатай монгол үг гэж оноох байдалтай.

 

Тус тольд эрхийвч, дуугүй бай, иртүгэй, ариун ус, аураг, оёгч, алагхан, алтан баян, олон хэвтэв, амсаж ажаамуу, агуу нүдэт, эзэнт, үхэр буу, оо (энгэсэг), тэрэм, тогоруу, даргач, шивэгчин хуруу, сумч хутга, шаазгай, шүдэн сүрчив, сар мод, согтонги, шүхэр, самчин, гань (галзуу), хорго (дох байр буюу цайз цамхаг), галуу, хусран эм, хүлцэх, зууны ноён, засаг зэрэг урьд судалгааны эргэлтэд орсон толиудад байдаггүй үгс байх ба гагцхүү цах (=  хүү, хүүхэд) гэсэн баруун монгол хэл аялгууны үг байна.

 

Энэ бүхнээс үндэслэн дүгнэвэл, тус толь нь перс-халимаг хэлний толь гэхээсээ илүүтэй перс-монгол хэлний толийн шинжтэй байна.

bottom of page