top of page
548fd37a-2b7b-485c-b88b-09cf18f73496_edited.jpg
Ч.Болдбаатар

Доктор (Ph.D), дэд профессор

Илтгэлийн сэдэв:

БНМАУ-ын шилжилтийн үеийн үндсэн хуулийн түүхийн асуудалд

 

The issue of history in the provisional constitution of the MPR

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Түүхийн тэнхим

                       

Илтгэлийн хураангуй

XVII-XX зууны эхэн үеийн Монголын нийгмийн харилцааны түүхэнд хошуу шавийн харилцааны асуудал чухал байр эзэлдэг. Уг сэдвээр дотоод, гадаадын эрдэмтэд бүтээлдээ хөндөн бичсэн. Бид илтгэлдээ Монголын хошуу шавийн харилцааг зохицуулж байсан зарим баримтад тулгуурлан саналаа дэвшүүлэхийг хичээв.

Халхын Өндөр гэгээн Жавзандамба хутагтын шавь нар 1639 онд үүссэн хэмээх дүгнэлт түүх бичлэгт хэвшин тогтсон. Энэ нь хутагтын шавь нартай холбоотой бөгөөд сүмийн шавь нар нэлээд эрт үүссэн. Харин хошуу болон шавийн харилцааг хууль цаазад хэрхэн тэмдэглэснийг тусгайлан судлууштай юм. Уг асуудал нь өргөн хүрээтэй тул бид лам шавь нар бус зөвхөн хар шавь нар хошууны харьяаттай харилцсан тухай авч үзнэ. Бид үйсэн цааз дахь шавийн тухай цухас дурдаж байсан. Энд “Халх журам”-ын зарим зүйлийг жишээ болгон танилцуулбал дараах мэт. Үүнд, Гал луу жилийн намрын адаг сарын хорин таванд Туулын голын Цагаан буланд хийдийн тусад хэлэлцсэн цаазад “Хийдэд суусан хуврагийн сүрэг шавь нар(их сүрэгчин), хийдийн сахиулчин(сахигчин), хөдөлмөрчин”, “Хуврагийн шавь нар”(Сангийн хуврагийн шавь нар) буюу ерөнхийлөн “Хийдийн аймгийн улс” хэмээн бичжээ. Тухайн үед давуу эрх бүхий тэдгээр шавь нарыг тийн нэрлэж байсан хэмээн үзэж болох юм.

Харин гал барс жилийн өвлийн эхэн сарын их тахилын цаг арван гурван шинэд өлзий хутаг Эрдэнэ толгойн өмнө Мөнх Жаргалант бэлчирт гаргасан цааз бичигт “Хийд ба дацан мэт аймагласан тусгаар тогтоосон хуврагууд”, “Хийд, хүрээ, дацан мэтэд гаднаас ирсэн тойн хүн гаднаас гартал мөн тэр аймгийн цаазаар болох”, “Хувраг өөрийн мэдэлт шавь нартай” хэмээв. Энэ нь өмнө дурдсан “Хийдийн аймгийн улс” хэмээсэнтэй утгын хувьд төстэй байна.

Шороо үхэр жилийн зуны дунд сарын хорин наймны учрал тохиосон сайн өдөр хэлэлцсэн “Гурван хошууны их цааз”-д “Гэгээний сүрэг” хэмээсний зэрэгцээ “хулгай хийсэн хувраг хүн хар шавь гэрийн боолтой бөгөөс тэр шавийг нь отог суманд нь гаргая” хэмээн “хар шавь гэрийн боол”-ыг онцлон бичжээ. Энэ нь хар шавь нарыг отог сумнаас гаргаж байсныг илтгэнэ.

Нохой жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд хаан, шанзудба, бэйл эхлэн бүгд сайд зэр зэвсэг, тамгат тэмээ, морь, эрийн учирт хэлэлцсэн цаазад “Арван хүний нэг нь дарга. Энэ арав дотроос хорь хоногийн газраас цааш явахдаа шанзудбад айлтгаж яв. Эс айлтгаваас давсан ёсоор буй. Хорь хоногоос нааш явахуйд дарга, шүүлэнгэ, дэмч, аравын ахад хэлж зөв гэвэл яв. Эс хэлж явбаас шүдлэн мориор баалах буй” хэмээв. Тийнхүү  шанзудбагийн эрх мэдэл зөвхөн шавь нарт бус гурван хошуунд хэрэгжиж байсныг тусгажээ.

Мөн 1722 оны цаазад “Дээрхийн шавь нар”, “Гэгээний сан”, “Гэгээнд хоргодсон хүн” хэмээсэн тэмдэглэл бий. Хэрэв тэдгээр баримтад тулгуурлавал тухайн үед Халхын Түшээт хан аймгийн зарим хошуу болон Жавзандамба хутагтын шавийн харилцааг ноёдын болон шанзудба нарын тушаалтнуудтай хамтран хэлэлцсэн цаазаар зохицуулж байсан хэмээн үзэж болох юм.

bottom of page