top of page
2024-03-19 10.55.43.jpg

Г. Болорцэцэг

Докторант

Илтгэлийн сэдэв:

 Хүний биеийн эрхтний нэр болох “борви, шөрмөс”  хэмээх нэрийн утгыг мөшгөхүй

(Монгол, түрэг, манж-түнгүс хэлнүүдийн хүрээнд...)

"Seeking the meaning of the names of human body organs "fiber and tendon"

И мэйл хаяг:  bolortsetseg3850@gmail.com

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Монгол хэлний тэнхим

Түлхүүр үг: Алтай язгуур, хүн, амьтан, бүлх, шандас

 

Key words: Altaic language, person, animal, tendon, chord

Илтгэлийн хураангуй

 

Тус өгүүлэлд дор дурдах хоёр үгийн утгыг монгол хэл, аялгуу болон монгол, түрэг, манж-түнгүс зэрэг алтай овгийн хэлнүүдийн зохих баримтуудыг харьцуулан өгүүлэх юм. Хэл шинжлэлд үгийг хэлбэр, агуулгын нэгдэл гэх үзэл байдаг бөгөөд хэлбэр нь үгийн өнгөн бүтэц авианы тал болж байдаг бол агуулга нь үгийн гүн бүтэц утгын тал болдог гэж тайлбарлах нь бий. Бид үгийн гүн бүтэц болох утгын талаас шинжлэн судалж тайлбарлахыг зорьсон билээ. Монголчууд байгалиас заяасан мэдрэмж, үзэж таньсан мэдлэгтээ түшиглэн аливааг оюун ухаандаа сэтгэж, бодон бясалгаж байж шинэ нэрлэлт, шинэ ухагдахууныг оноон өгдөг нэгэн зарчимд тулгуурлан, бүр хожуу шөрмөсний хатуу чанга, хүндийг тэсвэрлэх чанарт үндэслээд “шандас” гэх үгтэй хоршуулж “хүч тэнхээ” хийгээд, “чийрэг чадалтай”-г мөн “эр хүний үнэнч шударга зан төлөв”-г илэрхийлсэн утгыг агуулсаар дахин хувьссан байна.

 

Хүн, мал морь, гөрөөсний хойдох өсгийн дээрх муруй газар агч шөрмөсийг “борви” хэмээн нэрлэж байгаад орчин цагийн монгол хэлэнд мал, амьтны бяцхан яс, үйс арьсаар хийсэн хөхүүр сав болон гутал шаахайн дээд хэсгийг  нэрлэн салаалан өргөжсөн байна. Харин мал амьтны бие дэх бүлх шандсыг нэрлэж байсан “шөрмөс” -өөр 14 дүгээр зуунаас эхлэн хүний эрхтнийг нэрлэх болсон нь дурсгал бичигт хадгалагдан үлдсэн байдаг. Энэ үгийн хэлбэр бүтэц нь дагур хэлнээ “булгъ” гэж “шөрмөс”-г нэрлэн уламжлагдан үлджээ. 

 

Монгол хэлэнд gür-, šir- зэрэг язгуурт үгс нь аливаа зүйлийн байн дахин хөдлөх хөдөлгөөний дүрсэлэлийг илэрхийлдэг.  “Шөрмөс, гүрвэс” гэсэн  2 үгийн язгуурын утга нэг бөгөөд гийгүүлэгч авиа (ш~х~г) сэлгэсний дүнд үүссэн ба судасны цохилтын гүрэлзэх хөдөлгөөнөөс үүсэлтэй “гүрээ, судал” ч үүнтэй холбоотой. Тиймээс шөрмөс чангаран зангирч гүрэлзэх болоод судасний гүр гүр гүрвэлзэх хөдөлгөөн нь ижил учраас ийнхүү swdasun, gürbüsә, širbüsün зэрэг хэлбэр бүтэц ондоо боловч илэрхийлэх утга нь нэг нэршлүүд бий болжээ.

 

Шар Уйгурт “ʃәldasәn” гэж нэрлэж байгаа нь “шандас” гэсэн үгийн л ~ н гийгүүлэгч сэлгэн бүтсэн нэгэн хэлбэр болой. Үндэстний хэл бүрэлдэн тогтоход зонхилох нэг аялгуу нь бусад хэл, аялгуунуудад байгаа аливаа шилдэг сайн бүхнийг өөртөө уусган шингээж баяжин өргөжиж, боловсрон тэлсээр байдгийн нэгэн жишээ юм.

 

Түүнчлэн орчин үеийн монгол хэлний цахар, ордосын аман аялгуунд “шөрмөс” нь “бүлх, шандас” -ыг нэрлэхээс гадна бие махбодын үйл ажиллагаа, сэтгэхүйг удирдан жолоодох “мэдрэл” гэх утгыг давхар агуулдаг.

 

Ингэж монголчуудын танин мэдэх үйлтэй холбоотойгоор хүн, амьтанд ялган нэрлээд байсан “борви”, “шөрмөс” нь хожмоо нэгэн нэрлэлт болохын сацуу урьд нэгэнт утга хэвшээд байсан “гүрээ”-г заасан “судас” гэсэн үгэнд ч нөлөөлж шинэ утгыг илэрхийлэх болсон байна. 

 

Харин монгол хэлний хүний эрхтний нэрийн бүрэлдэхүүнд байгаа “хүч тэнхээ”, “шандас шөрмөс” гэх утгыг заасан “борви”, “шөрмөс” хэмээх үгийг түрэг, манж-түнгүс хэлнүүдийнхтэй харьцуулбал онцлог зүйл нэлээд ажиглагдана. Тодруулбал, монгол хэлэнд айраг, цөцгийг хийдэг, үйс, арьс зэргээр хийсэн хөхүүр савыг “борви” гэж хэлдэг байхад түрэг бүлгийн хэлнүүдэд үхэр, адууны гуяны арьсаар хийсэн шар айраг, дарс хийх зориулалт бүхий савыг “borbai” хэмээн нэрлэнэ. 

 

Эдгээр нь агуулгын тал дээр үндсэндээ тохирч байхад харин бие эрхэнд өөр өөр зүйлийг нэрлэж байгаагаараа ялимгүй зөрүүтэй байна. Гэхдээ хүний биеийн доод мөчний үе холбоонд хамааралтай бөгөөд монгол хэлэнд хүний өсгийн дээд бүдүүн “шөрмөс”-ийг хэлдэг бол харин түргийн киргиз хэлэнд “цавь”-ийг нэрлэж байна.

 

Харин манж -түнгүс хэлэнд  борба + ~ борбэ + ~ борбо гэсэн үг нь олон утга үл ялган, гагцхүү “шөрмөс”-ийг нэрлэх байдал нь адил ба зөвхөн манж хэлэнд хэрэглэгдэж байгаа нь монгол хэлнээс нэвтрэн орсон нь илэрхий байна.

bottom of page