top of page
20240325_115010_edited.jpg

Б.Баттөмөр

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Монголорын алтны уурхайн үйл ажиллагаа: Эрэл хайгуул, олборлолт, ашиглалт

(1900-1925)

Gold Mining Operations of Mongolor: exploration, mining and exploitation.

(1900-1925)

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Түүхийн тэнхим

Илтгэлийн хураангуй

Монголор” нийгэмлэг (1900-1925)-ийн болон бусад түрээслэгчдийн Монголоос олборлосон алтны талаарх бүрэн гүйцэд мэдээ баримт манай улсын архивын сангаас олдохгүй байна. Түүнчлэн бусад эх сурвалжаас олдож байгаа мэдээ баримтууд ч хоорондоо таарч тохирохгүй байна. Гэхдээ бидэнд одоо мэдэгдэж байгаа мэдээ, баримтад түшиглэн тухайн үед олборлож байсан алтны хэмжээ, хэн хаанаас хэрхэн олборлож байсан талаар зохих төсөөлөлтэй болох чухал учраас энэ сэдвийн талаар санал солилцохыг хичээлээ.

1900 онд Халхын Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн нутагт олдсон алтны уурхайг ашиглах зорилгоор олон улсын хувь нийлүүлсэн “Монголор” хэмээх компани Ерөөгийн алтны уурхайг малтан ашиглаж эхэлсэн байна. Тус компаны хувь нийлүүлэгчид нь Оросын бэлэвсэн хатан Мария Феодоровна, Бельгийн хаан Льеполд, Манж Чин улсын түшмэл Ли Хун-Чжан нар байжээ. Орос дахь Золоторосс гэгч алтны үйлдвэрийн нийгэмлэг, Берлин дахь Мендельсон ба К, Парис дахь Орост үйлдвэр хөгжүүлэх Ерөнхий хороо, Санкт-Петербургийн олон улсын банк, Орос-Хятадын банк, Парис-Нидерландын банк зэрэгтэй уг компани холбоотой байжээ.

 “Монголор”-ын удирдах газар нь Санкт-Петербург хотноо байсан бөгөөд түүний удирдах зөвлөлд Орос-Хятадын банкны Ерөнхий Хорооны дарга Э.Ухтомский, “Золоторосс”-ын Ерөнхий хорооны дарга, мөн Францын Ротшильдийн хүргэн Ротштейн, Белгийн Браун де Тьеж зэрэг баячууд оролцсон байжээ.  Харин уг алтны уурхайн Их Хүрээн дэхь хороог Фон Гротт гэгч Бельги хүн толгойлж байсан бөгөөд тэрээр Оросын харъяат, нэг үе Ли Хун- Чжаны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Манж Чин улсын Засгийн газар Түшээт хан, Сайн ноён хан аймгийн зарим алтны ордыг 1900 оноос Фон Гроттод концесс өгөхдөө, Манж Чин улсын тогтоосон дүрмийг дагах, уурхай ухах хүчний хүнд Орос хүнийг хэрэглэж үл болох зэрэг шаардлагыг тавьж, уг шаардлагыг хянуулж байхаар дэргэд нь түшмэл суулгаж байсан нь Манж Чин гүрний Хаант Орос улсын Монгол дахь эдийн засгийн өсөлтийг хязгаарлан барьж байх бодлоготой юм.

1912 оны Монгол-Оросын гэрээгээр Хаант оросын худалдаачид монгол нутагт чөлөөтэй худалдаа хийх давуу эрхийг авсны дараа Монголорын уурхайд их гүрний бодлого үйлчилж удирдах түвшинд Оросууд давамгайлах үүрэг гүйцэтгэх болжээ.

1913 оны эхээр Монголд ажиллаж байсан алтны 18 уурхайд бүгд 2665 ажилчин байсны 2376 буюу 89.1 хувь нь хятад, 220 буюу 8.2 хувь нь Орос, дөнгөж 69 буюу 2.5 хувь нь монгол хүн байлаа. (Үндэсний төв Архив Ф-6, Д-1, ХН-559)

Монголор нийгэмлэг оршин тогтнох хугацаандаа монголын газар нутгаас тухайн үеийн ханшаар 10,5 сая рублийн үнэ бүхий 10 тонн алт олборлосон тооцоо гарч байна.

1925 оны 6 дугаар сарын 11-нд ЗСБНХУ “Монголор” хэмээх үйлдвэр аж ахуйн ажилд оролцож чадахгүй гэдгээ Монголын Засгийн газарт мэдэгдэж, харин Монголын Засгийн газарт Германы капиталыг татан оролцуулах санал тавьж, тийнхүү татан оролцуулахад бидний хүчин туслахад бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Энэ мэдэгдэлээс үүдэн Монголд ажиллаж байсан уурхайн үйл ажиллагаа зогссон байна.

bottom of page