
Б. Мөнгөнцэцэг
Доктор (Ph.D), дэд профессор
Илтгэлийн сэдэв:
Монгол хэлний өгүүлбэрийн утгыг зөв тайлахад
хэлний ба хэлний бус хүчин зүйлийг харгалзах тухайд
Considering linguistic and non-linguistic factors to explain the meaning of Mongolian sentences
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
Түлхүүр үг: өгүүлбэрийн утга, хэлний ба хэлний бус хүчин зүйл, үйлдүүлэх хэв, өгөх оршихын тийн ялгал, үйлдэхийн тийн ялгал
Keywords: meaning of sentence, linguistic and non-linguistic factors, passive voice, dative case, instrumental case
Илтгэлийн хураангуй:
Ямар нэг үйлийг үйлдэгчийг хамгийн идэвхтэйгээс нь хамгийн идэвхгүй рүү нь эрэмбэлбэл, хамгийн идэвхтэй үйлдэгч нь хүн, удаах нь амьтан, хамгийн идэвхгүй үйлдэгч нь юм болно. Тэгвэл өгүүлбэрийн ижил бүрэлдүүлбэр, ижил бүтцэд илрэх утга үүргийн ялгамжааг нарийвчлан тодорхойлоход үйлдэгчийн энэхүү идэвхтэй, дундаж, идэвхгүй шинж нэлээд учир холбогдолтой байдгийг шинжлэн тайлбарлахыг зорилоо. Жишээ нь:
Чононд хонь бариулжээ гэхэд үйлийг үйлдэгч эзэн, үйл сэдэгч-субъект хоёул амьтан (чоно, хонь) байна. Чоно хонийг барьж идэх нь байгалийн шалгарал. Тэгвэл үйлийг үйлдэгч эзэн, үйл сэдэгч-субъект хоёрын аль аль нь дээрхийн адил амьтан бөгөөд бүтэц нь ч ижил бас нэг хувилбар авъя. Бүргэдэд үнэг бариулжээ гэхэд байгалийн шалгарал зохилдлогын үүднээс үнэг бүргэдэд хэдийгээр баригдаж болох хэдий ч утгыг нь нарийвчилбал, үнэг гэгч тэр зальт амьтан бүргэдэд бариулсныг үзвэл сэрэмж алдсанаас болсныг мэдэж болно.
Чононд хонь бариулжээ гэсэн өгүүлбэрийг *Чоноор хонь бариулжээ гэж хувиргавал чоно урьд нь яагаад хонийг барьж чадахгүй байсан юм бол? гэж эргэлзэхэд хүрч болзошгүй. Өөрөөр хэлбэл, үйлийг үйлдэгч эзэн, үйлэнд шууд өртөж байгаа зүйлийн аль аль нь амьтан ч гэсэн тэдгээрийн хоорондын харьцаа хамаарлыг хүн хэрхэн тусгасан онцлогоос хамаарч ижил бүтэц, хувирмал бүтцийн хооронд утгын ялгамжаа үүсч байгаа нь хэлний хэл зүйн бүтэцтэй хамаагүй, харин хэлний бус хүчин зүйлээс хамаатай байгаа нь мэдэгдэнэ. Бүргэдэд үнэг бариулжээ гэсэн өгүүлбэрийг хувиргаж, (Бат) Бүргэдээр үнэг бариулжээ гэвэл бүргэдийг үнэг барихад сургаж дасгасан гэсэн утга илэрхийлэхийн зэрэгцээ өгүүлбэрийн бүтцэд хоёр эзнээс гадна шууд тусагдахуун нэмэгдсэн байна.
Дээрх жишээнд үйлийг үйлдэгч эзэн, үйл сэдэгч-субъект хоёрын аль аль нь амьтан (чоно-хонь, бүргэд-үнэг) байсныг “хүн-хүн” болгож, бүтэц нь ч ижил бас нэг хувилбар авъя. (Ээж) Доржоор хонь бариуллаа гэсэн өгүүлбэрийн үйлийг үйлдэгч эзэн, үйл сэдэгч-субъект хоёул хүн, харин үйлэнд шууд өртөж байгаа зүйл нь амьтан байна. Энэ өгүүлбэрт хонь хэдийгээр тухайн цагтаа хүнээс хурдан, бас булжимхай авч, ухаант хүний гараас гарахгүйн хувьд яаж ийгээд хүнд баригдсан гэсэн утгыг илэрхийлсэн байна. Уг өгүүлбэрийн утгыг зөв ойлгохын тулд энд хүн, амьтан хоёрын харьцаа хамаатал байгааг мартаж болохгүй.
Доржоор хонь бариуллаа гэсэн өгүүлбэрийн үйлэнд өртөж байгаа зүйл нь амьтан байсныг “юм” болгож хувиргая. (Ээж) Доржоор мод бариуллаа гэхэд үйлийг үйлдэгч эзэн, үйл сэдэгч-субъект хоёул “хүн”, үйлэнд шууд өртөж байгаа зүйл нь “юм” байгаа бөгөөд бүтэц нь дээрх өгүүлбэртэй яг ижил байна. Тэгвэл Дорж модыг барих дуртай байсан эсэх нь хамаагүй, модыг барихыг шаардах, хүсэхийн аль нэг аргаар Доржийн гарт модыг атгуулсан буюу түүгээр мод бариулсан хэмээсэн утгыг энэ өгүүлбэрээр илэрхийлжээ. Уг өгүүлбэрийн утгыг зөв тайлахын тулд тухайн өгүүлбэрт хүн, юм хоёрын харьцаа хамаатал байгааг бас зайлшгүй анзаарах хэрэгтэй болно.
Энэ бүхнээс үзэхэд, хэл зүйн бүтцийн талаас ямар ч харшлах зүйл үгүй атал утга зохисгүйдэж байгаа нь хэлний бус хүчин зүйлээс хамаарч байна. Өгүүлбэрийн ижил бүтэц, хувирмал бүтцийн хооронд утгын ялгамжаа үүсч байгаа нь хэлний бус хүчин зүйлээс хамаарч шалтгаалцсан, тодруулбал, тухайн өгүүлбэрийн утгыг зөв ойлгохын тулд хүн, амьтан, юм гурвын харьцаа хамаатал байгааг анзаарах хэрэгтэй болно.