top of page
П.Нармандах.jpg
П.Нармандах

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Уран зохиолын шинэ цагийн хэрэглээ: Уран дүрслэл

(Инжаннаши “Нэгэн давхар асар” романы жишээн дээр)

(Modern use of literature)

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Утга зохиолын тэнхим

Илтгэлийн хураангуй

Их сургуульд тэнцэх эсээ бичих, ярилцлаганд орох, хүнтэй харилцах зэрэг бүхий л харилцаанд өнөөдрийн хүүхдүүдийн үгийн сан ядуу байна. Тиймээс уран зохиолоос суралцах, ашиглах  боломжийн тухай буюу шинэ үг, шинэ дүрслэлээр тухайн суралцагчийн эсээг баяжуулах, цэгцтэй илэрхийлэх, оновчтой баялаг үгийн сан ашиглаж ярих зэрэгт зөвлөх, жишээ болох үүргийг шинэ цагийн уран зохиол хүлээх ёстой. Тиймийн учир уран дүрслэлийн сор болсон сонгодог зохиолуудаа эргэн харж “мөлийж байгаа” монгол хэлээ баяжуулан залуу хойчсийн үгийн санг нэмэгдүүлэх, сэтгэлгээг өргөжүүлэх шаардлага тулгараад байна. Залуус гадны хэлээр илүү ярьж, сэтгэж, бичдэг болж байгаа нь илт мэдрэгдэх болж.   Гэтэл тэрхүү бичвэр, ярилцлагад монгол үндэстний онцлог, хэв намба, тухайн хүүхдийн дотооод гадаад хэв шинж хүсэл эрмэлзэл гүйцэд тодрохгүй байгаагаас тухайн суралцагч хүссэн тэтгэлэг, сургуульдаа тэнцэж, элсэж чадахгүй байна.  Тиймээс зохиолч, судлаач, багш нар бид хүүхдийн энэхүүг эрэлт, хэрэгцээг соргогоор мэдэрч уран зохиолын судалгаа шинжилгээ, хэрэглээг цаг үетэйгээ нийцүүлэх ёстой болж байгаа бөгөөд уран зохиолоо хойч үедээ хэрэглээ болгож, ашиглуулж байж судлаж,  бичиж буй зааж буй зорилго хангагдана. Тиймээс бид судалгаа, шүүмж, бичвэр, заах арга барилаа өөрчлөх шаардлагатай. Уран зохиолоо нэг л аргаар судалж, шүүмжилж, зааж ирлээ. Хүүхэд уншихгүй байна гэх биш унших хэрэгцээнд нь нийцмээр байна. Тиймээс энэ удаад их зохиолч Инжаннашийн “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ” гэсэн үгийн утгыг түүний зохиол бүтээл дэх уран дүрслэлийн олон хэв маягуудаар баталж “Хуучин сонгодог зохиолуудаа шинэ үеийнхний хэрэглээ болгох шаардлагатай” гэсэн санааг дэвшүүллээ. 

Уран зохиолын хүний сэтгэл санаанд нөлөөлөх чадварыг зохиолч    “Нэгэн давхар асар” романыхаа илэрхий оршилд “Аяа! Энэхүү ертөнцийн цэцэн нугун сайхан хүний учрал харилцан зөрчин ташаарсан нь гагц улаан асар нэгэн давхар асрын төдий л дур хэмээм үү? Иймийн тул зохиож, найруулж, шүлэглэж, дуулж, орчуулж, бичиж, гомдож, уярвай. Гагц өөрийн бие гомдож уярч барахгүй ба адил санаатан лугаа хамт гомдож уярсугай хэмээмой. Бас нэгэн адил санаатан лугаа хамт гомдож уярахуй дур сэтгэл гүйцэхгүй, эрхбиш дэлхий дахины цэцэн нугун лугаа хамтаар нэгэн дуунаар уйлсугай хэмээмой. Иймийн тул дуулал бичиж тэмдэглэвэй хэмээжихүй.” гэж өгүүлжээ. Зохиолын /аливаа бичвэрийн/  хүнийг уйлуулах дуулуулах гомдоож баярлуулах ид шидийн чадвар нь уран дүрслэлдээ байдаг аж. Жишээлбэл:

  •  “Лү Мэйг үзвээс гуагийн үр мэт хасын царай нь улаан өнгө дүүрч, шүрийн адил интоорын уруулаа цорвойгоод, хоёр зурвас хаврын уулын хөмсгөө атиран, нэгэн хос намрын усны нүдээ дарж, уур төрөн суусан байдал нь нэнд хайтан цэцэг салхинаа тогтолзох мэт сайхан тул ширтсээр алмайрч, огт дуун үгүй.” гэжээ.

bottom of page