
Б.Нацагдорж
Доктор (Ph.D)
Илтгэлийн сэдэв:
Түшээт ханы харьяат торгууд тайж нар хийгээд Халхын төв нутаг дахь Монголын нууц товчооны ул мөр
Torγud tayijis of the Tüsiyetü qan’s banner and the traces of the secret history of the mongols among the Qalqa from the central Mongolia
ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн
Түлхүүр үг: Халхын Түшээт хан аймаг, торгууд тайж нар, Хэрэйдийн Ван хан, Монголын Нууц Товчоо, Асрагч нэртийн түүх
Keywords: Qalqa Tüsiyetü Qan’s ayimaγ, Torγud tayijis, Kereyid Ong qan, Secret History of the Mongols, Asaraγči Neretü-yin Teüke
Илтгэлийн хураангуй
Одоогийн Монгол Улсын Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд хуучин Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны харьяат торгууд тайж нарын багийн хойчис нутаглан суух бөгөөд өөрсдийгөө торгууд гаралтай гэдгийг одоо хүртэл ухамсарлан цээжилсээр байна. Н.Хатанбаатар эдгээр торгууд тайж нарын тухай тусгай судалгаа хийж өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд Халхын зүүн гарын Эрээхэй мэргэн хааны Бинт хатан нь дөрвөн Ойрадын бүрэлдэхүүн болсон торгуудаас гаралтай хатагтай байж, түүнийг даган ирсэн торгууд тайж нар нь Манж Чин улсын үеийн Халхын Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны торгууд тайж нарын багийг бүрдүүлжээ гэж үзсэн байдаг[1]. Бид түүний энэхүү дүгнэлтийг зөвшөөрөхийн дагууд түүний судалгаанд буй зарим мадагтай зүйлсийг залруулж, Монгол Улсын үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй зарим шинэ баримтыг олж илрүүлснийг судлан шинжилж үзэв. Халхын Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны торгууд харьяат тайж нарын нэгэн гэрийн үеийн бичмэлд эдгээр тайж нарын уг эх Хэрэйдийн Ван хан Чингис хаантай эцэг хүү болон явсан тухай түүхийг цухас өгүүлсэн товч оршилтой нь их сонирхолтой байна. Энэхүү товч оршилд Чингис хаан Бөртэ үжин хатнаа гурван мэргэдэд булаалгасанд Хэрэйдийн Ван хаан тусалж, хатныг нь эргүүлэн олж өгсөн тухай Монголын Нууц товчоонд гардаг өгүүлэмж гарч буй бөгөөд XVII зуун болон үүнээс хойш зохиогдсон Монголын түүхийн тулгар сурвалж бичгүүд дотроос зөвхөн Лувсанданзан гүүшийн зохиол Алтан товч, Жамба дайчингийн зохиол Асрагч нэртийн түүх хоёр л Монголын Нууц товчоог ашигласан тул эдгээр хоёр зохиолд мөн байдаг. Гэтэл энэ мэдээ нь эдгээр торгууд тайж нарын уг эхийн гэрийн үеийн бичмэлд бараг үг үсэгчлэн эшлэгдсэн байгаа нь эдгээр тайж нарын гарт буюу Түшээт ханы хошуунд Монголын Нууц товчооны нэгэн хуулбар эх биш юм гэхэд түүнийг ашиглан зохиосон Асрагч нэртийн түүх буюу Лувсанданзан гүүшийн Алтан товч зохиолын аль нэг хуулбар эх хадгалагдаж байсныг харуулж байна.
[1] Н.Хатанбаатар. Халхын торгууд тайж нарын угсаа гарлын тухай. // Acta Historica. Tomus IV, Fasc.1-15. Улаанбаатар, 2009. 75-80-р тал.