
М.Шолпан
Доктор (Ph.D)
Илтгэлийн сэдэв:
Монголын ардчилсан хувьсгалын түүхийг өгүүлэх Үндэсний Архив дахь гэрэл зургийн судалгаа
(Цахим сангийн жишээн дээр)
The photographic study of the Mongolian Democratic Revolution from the National Central Archive
(For example of electronic archive)
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Түүхийн тэнхим
Илтгэлийн хураангуй
Монголын аль ч үеийн түүхтэй холбогдох баримт сэлт нь Үндэсний төв архив (цаашид ҮТА)-ын сан хөмрөгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тухайн байгууллагын гаргасан хүсэлтийг үндэслэн ҮТА-т хөмрөг үүсгэдэг байна. Мэдээллийг кодлох аргаар эх сурвалжийг ангилснаас харахад гэрэл зураг нь эх сурвалжийн бие даасан хэв маяг буюу кино-фото баримтуудын хэв маягт багтдаг. Иймд Монголын ардчилсан хувьсгалын түүхэнд холбогдох гэрэл зургуудыг ҮТА-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөг (КГЗДАБА, Х-5, Д-1)-т хадгалж байна. Эдгээр гэрэл зургууд 1990 оны ардчилсан хувьсгалын түүхийг харж болох үнэ цэнэтэй эх сурвалжууд юм.
Тус сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургуудыг 2017 оноос цахим санд оруулж эхэлжээ. Цахим санд нийт 203 гэрэл зураг байгаагийн 13 нь өнгөт, үлдсэн нь хар цагаан зураг байна. Эдгээр гэрэл зургийн дийлэнхийг МОНЦАМЭ агентлагаас авсан бөгөөд цахим санд оруулахдаа гэрэл зураг болон шилэн, хальсан эхийн аль нэгнээс нь сканердаж оруулжээ. Тус итгэлийг
ҮТА-ын КГЗДАБА-ын цахим сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын ардчилсан хувьсгалын түүхтэй холболдол бүхий гэрэл зургуудыг дүрслэх эх сурвалжийг задлан шинжлэх арга гэх зэрэг аргууд дээр тулгуурлан бичсэн болно.
1980-аад оны сүүл үеэс эхлэн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн залуучууд уулзаж, санаа бодлоо илэрхийлэх, улс төрийн шаардлага тавихын тулд гудамж талбайд жагсаал, цуглаан хийж, өлсгөлөн зарлах болсон нь улс орны амьдралд урд байгаагүй үзэгдэл байв. Улмаар залуучууд улс төрийн бүлгэм, холбоо, нам байгуулж, анхдугаар хурлаа хийж, цаашлаад Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж, олон намын тогтолцоо бүрэлдэж, анхны чөлөөт сонгуульд оролцох болжээ. Тухайн үеийн үйл явдлуудыг бодитоор дүрслэн харуулсан гэрэл зургууд нь маш их мэдээллийг агуулж буй учраас 1990 оны ардчилсан хувьсгалын түүхийг судлахад ихээхэн ач холбогдолтой эх сурвалж юм.
ҮТА-ын КГЗДАБА-ын цахим сан хөмрөгийн гэрэл зургууд нь дүрслэлийн баялаг өгүүлэмжтэй учраас эндээс 1990 оны ардчилсан хувьсгалын түүхийн гайхалтай агшин бүрийг гүн гүнзгий, тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл, Монголын ардчилсан хувьсгалын түүхийг өгүүлэх гэрэл зургууд нь тухайн үеийн улс орны нийгэм, улс төрийн амьдралыг өөрчилсөн үйл явдлуудын сэтгэл хөдөлгөм дүрслэлийг харуулж байна. КГЗДАБА, Х-5, Д-1-д хадгалагдаж буй гэрэл зургуудыг дүрслэлийн агуулгаар хөрөг, амьгүй объектын зураг, баримтат үйл явдлын, соёл, урлагийн болон бусад зураг гэсэн 5 төрөлд хувааж үзлээ. Бусад зураг гэдэгт 1990 оноос хойшх үеийн зургийг хамруулсан бол нөгөө 4 төрөлд нь 1989 оны сүүл үеэс 1990 оны сүүл үеийн түүхийг өгүүлэх гэрэл зургийг хамруулж авч үзлээ. Цахим санг баяжуулах, бүртгэл, тайлбарыг бүрэн гүйцэд хийж, хадгалагдаж буй гэрэл зургуудыг судалгааны эргэлтэд оруулж, олны хүртээл болгох талаар судалгааны байгууллага, эрдэмтэд санаачлагатай ажиллах нь зүйтэй байна. Эдгээр гэрэл зурагтай ажиллахдаа зөвхөн өнгөрсөн үеийг дурсаад зогсохгүй эрх чөлөө, шударга ёс, ардчиллын талаарх үнэлж баршгүй ойлголтуудыг түгээн дэлгэрүүлэх нь чухал юм.