
На.Сүхбаатар
Доктор (Ph.D), дэд профессор
Илтгэлийн сэдэв:
Зүүнгар улсын Өргөө: байр байдал, нүүдэл суудал
Urga of the Dzungar State: Descriptions and Locations
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Түүхийн тэнхим
Илтгэлийн хураангуй
Зүүнгар улс (1676-1755)-ын төрийн байгуулалтын тогтолцоо, хаан (хунтайж)-ы байрлах хүрээ гэр, түүний хамгаалалт, зохион байгуулалтыг судлах нь нүүдэлчдийн засаг захиргаа, засаглал, төвлөн удирдах системийг нарийсган судлахад чухал нэмэртэй юм. Зүүнгар улсын засаг захиргааны төв – Өргөөгийн тухай тод бичгийн сурвалжид үлдснээр түүний тухай судлаачид таамаглалаа хэлж иржээ. “Даваач ноёноос Цэрэн увшид илгээсэн бичиг” хэмээх болзмол нэртэй тус 1 нүүр бичиг “Цэрэн увшид өгөв. Өргөөгөөс ирсэн бичиг...” гэж эхэлдэг бөгөөд бичигдсэн цаг үе нь “төмөр морин жилийн 7 сарын 2 өдөр” /1750 он/. Тус дурсгалт бичгийн гол агуулга нь Даваач ноён Өргөөгөөс ирсэн бичгийг Дөрвөдийн Цэрэн увшид дамжуулан мэдээлсэн бөгөөд өргөн хэмжээний тооллого явуулах, гарсан мэдээг намрын дунд сарын гучинд хүргэж өгөх, дараа сарын 10-нд хоорондоо нийлэхийг шаарджээ.
Зүүнгар улсад Гулз (Алтан оройт), Хайнаг (Мөнгөн оройт), Хожгор, Цагаан ус, Ойхорлиг зэрэг томоохон хот суурин байсан нь Ренатын газрын зураг болон манж сурвалжаас мэддэгддэг. Харин Өргөө хэмээх засаг захиргааны төв хаана байсан, суурин хот уу, нүүдлийн хот уу гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай юм.
Өргөөгийн байрлал, түүний бүтэц, нүүдэл суудлыг судлах баримтын нэг бол Зүүнгар улсад ирж 10 гаруй сар Өргөөд байсан Оросын хааны элч Иван Унковскийн тэмдэглэл юм. Тус тэмдэгэл (Зүүнгарын хунтайж Цэвээнравдан руу илгээсэн элч их бууны ахмад Иван Унковскийн 1722-1724 оны замын тэмдэглэл. Н.Ив.Веселовскийн бичсэн өмнөтгөл ба тайлбарын хамт хэвлүүлсэн баримт бичгүүд. Санкт-Петербург хот, Ордны талбай дахь Сангийн яамны В.Киршбаумын хэвлэх үйлдвэр, 1887) – д Өргөөгийн тухай 10 гаруй удаа гарна.
Өргөөгийн тухай бусад баримтын чухалд Цэвээнравдан, Галданцэрэнгийн дэргэд очсон Манжийн элч түшмэдийн тэмдэглэл юм. Тухайлбал, 1724, 1725 онуудад Цэвээнравданы дэргэд хил тогтоох асуудлаар очсон бичгийн сайд Жунфубао, 1734 онд Галданцэрэнтэй уулзсан дэд сайд Фунай, 1737 онд уулзсан Халхын туслагч тайж Эмгэн, 1738 онд уулзсан дэд сайд Акдун нарын тэмдэглэл (Зүүнгар улс – Чин улсын хилийн хэлэлцээрт холбогдох манж баримт. //Bibliotheca oiratica – CXIV (114). Уб., 2021). Манжийн элч нар Зүүнгарын хааны дэргэд хэдэн сараар сууж хаана, хэзээ хэнтэй уулзсан тухайгаа, хэлэлцээрийн явцад өрнөсөн яриа, оролцогчдын сэтгэл хөдлөл зэргийг хүртэл тэмдэглэжээ.
Эдгээр баримтуудаас үзэхэд,
1. Зүүнгар улсын Өргөө нь нийслэл хотын үүрэгтэй, хаан (хунтайж) суудаг, засгийн газар байрладаг, улс төрийн гол төв байна.
2. Өргөө нь Или голын сав дагуу улирлын болон тухайн жилийн газрын гарц, өвс усны тэгш байдлыг үндэслэн нүүж буудаг нүүдлийн хот ажээ.
3. Өргөө хот улс төрийн төв учраас худалдаа, эдийн засаг, түүнийг дагалдсан олон хөлийн газар болохоос гадна зам харилцааны чухал зангилаа болж цэрэг, батлан хамгаалахын өндөр хамгаалалттай байжээ.
4. Өргөө гэх нэр Зүүнгарчуудын дунд өдөр тутам хэлэгддэг нэр томьёо ажээ. Үүнээс үүсэлтэй Оросууд Урге (Өргөө) хэмээн нэрлэж бичиг баримтад тусгаж ирснээс гадна нүүдэлчдийн нийслэл хот, гол хот хүрээгээ нэрлэдэг нэр гэж ойлгосноо хожим Халхын Жавзандамба хутагтын хүрээнд ийм нэг өгч хэвшүүлжээ.