
Г.Дариймаа
Докторант
Илтгэлийн сэдэв:
Ерөнхий боловсролын сургуульд түүхийн боловсролыг олгож ирсэн түүхийн тухайд
Overview of the Teaching History in Secondary Education Schools
Емэйл хаяг: darii_gon@yahoo.com
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Түүхийн тэнхим
Түлхүүр үг Түүхийн боловсрол, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг
Кeywords History Education, curriculum, textbook
Илтгэлийн хураангуй
Уг илтгэлд Монголын түүхийн боловсролыг олгож ирсэн түүхийг тодорхой цаг хугацааны хүрээнд түүхийн боловсролын агуулга, хөтөлбөрийн хүрээнд судлахыг зорьсон болно.
Түүнчлэн Монгол улсын үндсэн хуульд заасанчлан “Монголын ард түмэн бид: улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх чөлөө, шударга ёс, үндэстнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрийн ёс түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн байдаг билээ. Түүнчлэн “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д ...Үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” тул түүхийн боловсролыг хэрхэн олгож ирсэн болох түүхийг судлах шаардлага байна.
Монгол орноо түүхийн боловсрол түгээн дэлгэрүүлэх гол уурхай нь ардын сургууль байсан учраас түүхийн боловсрол, түүх заалтын үүсэл хөгжлийг сургуулийн түүхтэй холбон үзэх нь зүйн хэрэг юм.
Орчин цагийн анхны бага сургууль нээсэн өдрөөс эхлэн төв орон нутагт олон арван сургууль байгуулагдан, хүрээгээ тэлэхийн зэрэгцээ тэдгээрийн дүрэм, заах хичээлийн нэр төрлийг тогтоон өгчээ. Нэн ялангуяа өсвөр үеийнхнийг хувьсгалт үзлээр хүмүүжүүлэх үйл хэрэгт түүх, улс төрийн хичээл эн тэргүүний ач холбогдолтой байсан учир тэдгээрийг ардын сургуулиудад заах үндсэн хичээлд тооцон оруулж байжээ.
Сургалт нь хэдийгээр боловсорсон хөтөлбөр сурах бичигтэй болж хараахан чадаагүй ч хожим 1931 онд хуралдсан багш нарын анхдугаар их хурлаас ардын олон сургуулиудын хичээл хүмүүжлийн ажил, заах зүйлүүдийн программыг өөрчлөн сайжруулах санал дэвшүүлснийг нам засаг анхааран үзэж хэд хэдэн арга хэмжээ авч байжээ гэж дүгнэж болохооор байна. Цаашилбал 1933-1934 оны хичээлийн жилээс дунд сургуульд түгээмэл түүх нэмж судлах болсон нь түүхийн сургалтын агуулгыг улам бүр өргөн болгосон байна.
Түүх улс төрийн хичээлийг судлах болсон нь шинэхэн үеийн түүхийн асуудлыг заах, заах арга зүйн ухаан боловсорч ирэх шинэ нөхцөл бүрджээ. Түүхийн сургалтын явцад А.Амарын зохиол “Монголын товч түүх”, Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, Х.Чойбалсан, Д:Лосол, Д.Дэмид нарын бичсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэн байгуулагдсан товч түүх”, Б.Буянчуулган “Манжийн монголыг эзэрхэгсэн үеийн хэрэглэгдхүүн”, “Дөрвөн ойрадын түүх” зэрэг монголын түүхэнд холбогдох ном зохиолуудыг судалж байв. Энэ нь тухайн цаг үед сурах бичиггүй байсныг гэрчлэх бөгөөд тулгарч байсан бэрхшээлийн нэгэн болно. Гэхдээ хожим түүх нийгмийн ухааны хичээл заалтад гарсан шинэ амжилтын нэг болохын зэрэгцээ хичээлийн сурах бичгийг үндэсний зохиогчид бүтээсэн явдал гол амжилт болжээ. Ийнхүү сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсронгуй болохын зэрэгцээ мэргэжлийн багшийн эрэлт хэрэгцээ шаардлага урган гарч, дээрх олон асуудлыг шийдвэрлэхийн тулд үе шаттай ажлууд хийж эхэлсэн байна.