top of page
cdf5d7a7-2f4a-40ec-97f1-05c90eb667de.jpg

Ж.Янжинлхам

Докторант
Илтгэлийн сэдэв:

Ярианы найруулгад нөлөөлөх хэлний бус хүчин зүйлс

 

Non-language factors affecting speech style

И мэйл хаяг:  yanjaa9912@gmail.com

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

 Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Монгол хэлний тэнхим

Түлхүүр үг: аман бус харилцаа, гадна төрх, биеийн хэлэмж, нүүрний хувирал, дуу хоолойны өнгө, дохио зангаа, биеийн хөдөлгөөн, аман бус харилцааны ёс зүй, хэрэглүүртэй харилцаа

 

Key words: nonverbal communication, appearance, body language, facial expressions, tone of voice, gestures, body movements, etiquette of nonverbal communication, instrumental communication.

Илтгэлийн хураангуй:

Хэлэхүйн харилцааны гол зорилго нь янз бүрийн мэдээлэл солилцох явдал. Энэ солилцоо нь зөвхөн хэлээр дамждаггүй, өөрөөр хэлбэл хүмүүс харилцаандаа хэлний хэрэгслээс гадна хэлний бус (аман бус) хэрэгслийг ашиглах нь түгээмэл байдаг бөгөөд энэхүү аман бус хэрэгсэл нь зөвхөн нэг төрлийнх байдаггүй ажээ. Тэдгээрийн дотор хүний ​​​​сэтгэл хөдлөл, физиологийн төлөв байдлын талаарх мэдээллийг дамжуулах цэвэр рефлексийн болон хяналт тогтооход бэрх аргууд байдагт: харц, нүүрний хувирал, дохио зангаа, хөдөлгөөн, төрх байдал гэх зэргийг оруулж үздэг. Чухам эдгээрийг л ихэвчлэн аман бус харилцааны хэрэгсэл гэж нэрлэж байгаа билээ.

Хэл шинжлэлч Л.Белленжер үгэн бус харилцааг хэлний бус хэрэглэгдэхүүн хэмээгээд харц, нүүр царайн хувирал, толгойн хөдөлгөөн, дохио зангаа, намба төрх, биеийн хөдөлгөөн, юм оролдох, элдэв чимээ гаргах, сэтгэл зүйн мэдрэмж гэж ангилсан нь ерөнхийдөө найруулга зүйч Д.Отгонсүрэн, Ц.Сүхбаатар нарынхтай ижил байна.

Хэлний бус харилцааны элементүүд нь яриаг идэвхтэй, сонирхолтой, үр бүтээлтэй болгоход чухал нөлөөтэй. Үгэн ба үгэн бус харилцаа хамтдаа байснаар бие биеэ нөхөж, яриаг амьд, бодитой болгоно. Иймд үгэн бус харилцаа нь биеийн хэл болж, найруулгад нэмэн дэлгэрүүлэх үүрэг бүхий чухал хүчин зүйл юм.

Хүний гадна төрх нь харилцаа хандлага, хувцаслалт, биеэ авч явах байдал, хооллолт зэрэг олон бүрдэл хэсэгтэй. Эдгээр нь тус бүрдээ жижиг зүйл мэт боловч нэгдэж нийлснээр бүрэн бүтэн илэрхийлэл болно. 

Биеийн хэлэмж бол үгэн бус харилцааны хэрэгсэл бөгөөд харилцааны явцад мэдээллийн 70%-г биеийн хэлэмж дамжуулж байдаг гэж судлаачид тогтоосон байна. Энэ нь хүн мэдээллийн ихэнхийг нүдээрээ авдагтай холбоотой. Иймээс бидний өдөр тутмын харилцаанд биеийн хэлэмж чухал үүрэгтэй нь тодорхой юм.

Харилцааны явцад хүний нүүр царай олон мэдээллийг нээлттэй дамжуулж, тодотгож өгдөг байна. Америкийн Forbes сэтгүүлд гарсан нийтлэлд “Хүний нүүр царайнаас 250 мянга гаруй хувирлыг харж болдог” гэжээ. Тиймээс нүүрний хувирлаар илрэх биеийн хэлэмжийн донжийг нь зүй зохистой хэрэглэж сурваас харилцаа бодитой, амьдралд ойр, энгийн ойлгомжтой болж чадна.

Дуу хоолой нь бодол санаагаа бүрэн илэрхийлэх чухал хэрэглүүр. Бид хүний ​​тухай анхны сэтгэгдлийг зөвхөн гадаад төрхөөр нь төдийгүй дуу хоолойных нь ачаар олж авдаг. Үүний зэрэгцээ тухайн хүний ​​дуу хоолой, аялга, гадаад төрх нь бүхэлдээ түүнийг хэрхэн хүлээж авах, энэ хүнтэй ямар нэг нийтлэг талтай байх хүсэл эрмэлзэл байгаа эсэхээс үл хамааран шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дуу хоолой нь хүний ​​талаар маш их зүйлийг хэлж чадах бөгөөд юун түрүүнд дуу хоолойны өнгө, ярианы хурд, хэмнэл, түүний тод байдал, түүнчлэн аялгынх нь хэв маягаас ихээхэн хамаардаг.

Дохио зангаа (франц. jesticuler) нь нэн чухал биеийн хөдөлгөөн бөгөөд голчлон толгой болон гарын хөдөлгөөнийг авч үздэг. Тэдгээр нь нэг талаас өөрийгөө болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлд хандах хандлага, хүсэл зоригоо илтгэх гэх зэрэг төгс илэрхийлэлтэй байдаг. Нөгөө талаар дохио зангаа нь харилцагч руу чиглэсэн ярианы чиглэлийг тусган харуулдаг – зангах, дүрслэх дохио зангаа нь яг оновчтой, хүртээмжтэй тайлбарлах, хэлэх, хамтрагчдаа ярианы агуулгатай холбоотой зүйлийг харуулах (эсвэл түүнээс ямар нэг зүйлийг нуух), хориглох, эсхүл зөвшөөрөх, ямар нэг зүйл хийхэд урамшуулахад тусалдаг.

Харилцагч биеэ хэрхэн авч явж байгаа нь түүний биеийн хэлэмжийн нэгэн илэрхийлэл бөгөөд энэ төрх байдал нь ёс зүйтэй холбогддог. Хэлний хүчин зүйлс нь нийгэм дэх хүн хоорондын харилцаа, хэлний соёл, хэрэглээтэй зайлшгүй холбогддог тул хэн, хаана, хэнтэй, хэрхэн харилцах нь ёс зүйгээс ангид байх нь үгүй.

Олон нийтийн ярианд бэлтгэл чухал бөгөөд ийм ярианы хэрэглэгдэхүүнүүд хэдийгээр биеийн хэлэмж биш боловч, түүнтэй ямар нэг хэмжээгээр уялдаж холбогддог. Техник хэрэгслийн тусламжтай ярих бол ашиглах техник хэрэгслийн ажиллагаа хэвийн байх, үзүүлэх хэрэглэгдэхүүн бүрэн, дэс дараагаараа байгаа эсэх болон хэрхэн үзүүлэхийг урьдчилан тооцоолж хянасан байх нь яриа, илтгэлээ бусдад хүргэх талыг баталгаажуулна. Мөн хувийн бэлтгэл (сэтгэл зүй, гоо зүй, эрүүл ахуйн болон тухайн ажил хэрэгтэй холбоотой) –ийг хангасан байх хэрэгтэй.  

Эцэст нь дүгнэн үзвэл, дээр өгүүлсэнчлэн бусадтай харилцах яриа бүхэн утга учиртай, түүнд ялангуяа биеийн хэлэмж, үгэн бус харилцаа нэн чухал үүрэгтэйг анхаарах  хэрэгтэй.

Тодорхой аман бус хэрэгслийг зөв ашиглах, ойлгохын тулд дараах зүйлийг анхаарч үзэх шаардлагатай: 1) харилцааны зорилго; 2) энэ тэмдгийн шинж чанар; 3) харилцааны сувгийн онцлог; 4) бүх нөхцөл байдлын контекст.

Биеийн хэлэмж нь дангаараа утга илэрхийлж хүнд тодорхой ойлголт өгөх чадвартайгаас гадна ярианд хүч, утга нэмдэг, үгэн харилцаатай хамтрахаараа хэл найруулгыг улам баяжуулах чадвартай, үнэ цэнтэй хүчин зүйл юм. Цаашид хэлний бус буюу үгэн бус хүчин зүйлийн хэрэглээ, тэдгээрийн утга, хэл зүйн асуудлыг нарийвчлан судлах  шаардлага бий гэдгийг тэмдэглэж байна.

bottom of page