
О. Анхилуун
Докторант
Илтг элийн сэдэв:
Монгол хэлний өгүүлбэрт нэрийн ба үйлийн бүлгийн эллипсис илрэх онцлог
The characteristics of nominal and verbal ellipsis in Mongolian sentences
И мэйл хаяг: ankhiluun@msue.edu.mn
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Монгол хэлний тэнхим
Түлхүүр үг: Эллипсис, нэрийн эллипсис, үйлийн эллипсис, цөм үг, холбоосжилт
Keywords: Ellipsis, nominal ellipsis, verbal ellipsis, head word, cohesion
Илтгэлийн хураангуй
Тус илтгэлд дэлхий дахинаа хамгийн олон эшлэгдсэн 15 хэл шинжлэлчийн нэг болох Английн эрдэмтэн Micheal Kirkwood Halliday-ийн эллипсис (ellipsis), түүний дотроос нэрийн ба үйлийн бүлгийн эллипсис (nominal and verbal ellipsis)-ийн илрэх онцлогийг тайлбарласан онол, судалгааг баримжаалж, Монгол хэлний өгүүлбэрт илэрч буй онцлогийг зохиолч, яруу найрагч Д.Урианхайн уран бүтээлийн жишээгээр авч үзэв.
Эрдэмтэн Халлидэй “Англи хэлний холбоосжилт (Cohesion in English)” номдоо эллипсисийг нэрийн ба үйлийн бүлэгт, мөн гишүүн өгүүлбэрт илэрнэ хэмээн гурав ангилсан. Эндээс нэрийн бүлэг дэх эллипсисийг хэрхэн тайлбарласныг харвал “Тодорхой нөхцөлд нийтлэг нэр үг (common noun) орхигдож, цөм үгийн үүргийг төлөөний үг (deictic), mооны нэр (numerative), чимэх үг (epithet) болон ангилагч (classifier) гэсэн 4 элементийн аль нэг гүйцэтгэхийг нэрийн эллипсис гэж ойлгож болно. Ихэвчлэн төлөөний үг эсвэл тооны нэр нь цөм үгийн үүрэг гүйцэтгэх ба зарим тохиолдолд чимэх үг байж болох бол цөөн тохиолдолд л ангилагч нь цөм үгийн үүрэг гүйцэтгэдэг байна.” (1976: 147) хэмээн өгүүлбэрт ямар аймгийн үг орхигдож, цөм үг нь ямар аймгийн үгээр илрэхийг тодорхойлсон байдаг. Харин үйлийн бүлгийн эллипсисийг цагаар хувилсан эсэх (finiteness), эсрэгцэл (polarity), төлөв (voice), цаг (tense) гэсэн 4 зүйлтэй холбон тайлбарласнаас гадна үгийн сангийн эллипсис (lexical ellipsis), туслах үгийн эллипсис (operator ellipsis) гэсэн 2 төрөлд хуваан авч үзжээ. Үйлийн бүлэг дэх үгийн сангийн үйл үг орхигдох хэлбэрийг үгийн сангийн эллипсис, туслах үгийг орхиж, үгийн сангийн үйл үг хэвээр үлддэг төрлийг туслах үгийн эллипсис хэмээн тодорхойлсон. Туслах үгийн эллипсист өгүүлэгдэхүүн мөн орхигдох тохиолдол байдгийг дурдан тайлбарласан байдаг.
Дээрх онол, судалгаанд үндэслэн монгол хэлний өгүүлбэрт нэрийн ба үйлийн эллипсис илрэх онцлогийг ажиглахад нэрийн эллипсисийг хэлний баримтаас судлан илрүүлэх нь үйлийн эллипсисийг судлан илрүүлэхээс харьцангуй хялбар байна. Энэ нь өгүүлбэрт ямар үг цөм үгийн үүрэг гүйцэтгэвэл нэрийн эллипсис үүсэхийг өрнө дахинд судлан илрүүлсэнтэй холбоотой бөгөөд цаашид монгол хэлний үгсийн аймгийн онол, ангиллын хүрээнд, орлуулга (substitution)-тай холбон судлах шаардлагатай байна. Д.Урианхайн жүжгийн зохиолд нэрийн эллипсис төлөөний үгээр илэрсэн 2603, тооны нэрээр илэрсэн 1429, чимэх үгээр илэрсэн 465 жишээ байгаагаас харвал монгол хэлэнд төлөөний үг нэрийн эллипсис үүсгэх нь элбэг байна. Үүн дотроо тодорхой төлөөний үг, ялангуяа заах төлөөний үгээр нэрийн эллипсис илэрсэн 1650 жишээ байгаа нь монгол хэлний “энэ, тэр” гэсэн заах төлөөний үг нь эллипсис үүсгэх боломж ихтэйг харуулж байна. Харин чимэх үгээр илэрсэн нэрийн эллипсисийн жишээ баримт төлөөний үг, тооны нэрийнхээс бага байгаа бөгөөд үүн дотроо гишүүнийг даган чимэх, өгүүлбэрийг угтан болон даган чимэх үгсээр илэрсэн жишээ цөөн байгаа нь тус төрлийн үгсээр эллипсис илрэх магадлал багыг харуулж байна. Үйлийн эллипсисийн тухайд, түүвэрлэхэд бэрх боловч тун элбэг (20 өгүүлбэрийн 19-д гэх мэт) тохиолдож байна. Эсээ, тууж гэх мэт үргэлжилсэн үгийн зохиолд үгийн сангийн болон туслах үгийн эллипсис аль аль нь илэрч буй бол яруу найрагт голчлон үгийн сангийн эллипсис илэрдэг байна.