
Б.Батсүрэн
Доктор (Ph.D)
Илтгэлийн сэдэв:
Өмнөд Хүннүгийн түүхийн асуудалд
On the history of the Soutern Hunnu
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль
Түүхийн тэнхим
Илтгэлийн хураангуй
Түлхүүр үг: Өмнөд Хүннү, Модуны удам, Сютугэ, Тефу хүннү, Хуньюй, Скиф
Дотоодын иргэний дайнаар хүч суларсан Хүннү улс дараагийн зуугаад жилд аажмаар тэнхэрч хүч чадал нь сэргэв. Гэвч хаан ширээнд суухыг санаархсан жичжу ван Сутуху ноёны өөрийгөө шаньюйд өргөмжилсөн үйлдэл Хүннү улсыг нэг мөр хоёр хуваагдахад хүргэсэн билээ.
Би шаньюй гэж түүхэнд тэмдэглэгдсэн, Нанчжиясы шаньюйн ууган ханхүү хүннүгийн өмнөд хязгаарт нутаглаж байсан 8 було/овгийг дагуулж Хожуу Хань улсад дагаар орж, улмаар умард хилийнх нь 7 тойрогт бараг нутаг заагдан суурьшсан юм. Эдгээр 8 овог нь нийлээд нэг л их түмт цэрэг гаргах тооны хүн амтай байсан гэж бид үздэг, өөрөөр хэлбэл хориод мянга орчим хүннү хүмүүс Сутуху ноёныг дагаж говь давж Хань улсын хязгаарт суурьшсан гэсэн үг.
Ийнхүү Нанчжиясы шаньюйн үр Би, Мо, Хань нарын толгойлсон нэг түмт хэрийн хүннүчүүд түүхэнд Өмнөд Хүннү гэж нэрлэгдсэн бэсрэг халхавч улсын үндэс суурийг тавьжээ.
Гурван үеийн 13 шаньюй ээлж дараалан төр барьсаар 140 оны зун хүрсэн юм. Тэр жил өмнөд хүннү нарыг хянан цагдах хожуу ханьгийн түшмэл хорон муу арга хэрэглэж төв засагтаа худлаа мэдээлж, улмаар Модуны удмын сүүлчийн шаньюйг дүү зүүн сэцэн вангийн хамт хороосон юм. Ингэснээр Өмнөд Хүннүгийн төрийн эрхээс Модуны удмыг зайлуулж чаджээ.
Оронд нь 143 онд гарал угсаа тодорхойгүй бөгөөд хожуу ханьгийн хааны ордонд амьдарч байсан нэгнийг шаньюй болгож, нас барахаар нь дахин ураг сольж Гюйчээр (Гюйгюйр) хэмээгчийг шаньюй болгов. Түүний удам хоёр үе төр барьсан бөгөөд ач хүү Хучжэн шаньюйг хожуу ханьгийн түшмэл 179 онд хороож, улмаар сютугэ овог/аймгийн язгууртны нэг салааны төлөөлөгч Кянкюй гэгчийг шаньюйд өргөмжилсөн юм. Үүнээс хойш сютугэ овгоос сурвалжтай язгууртнууд «өмнөд хүннү» нэр зүүгч овгуудыг хэдэн зуун жил захирчээ.
I – IV/V зууны өмнөд хүннүгийн түүхийг нийтэд нь авч үзвэл 140-өөд оноос өмнөх болон хойших Өмнөд Хүннү хоорондоо шаньюйн ураг, голлох язгууртан овог болон нийт хүн амын угсаатны хамаарлаар ялгаатай ажээ. Ялангуяа II зууны хоёрдугаар хагасын Өмнөд Хүннү улс бол I зууны хоёрдугаар хагас II зууны эхний гуч-дөчөөд жилийн өмнөд хүннүчүүдээс угсаатны хувьд ч тэс өөр овог аймгуудаас бүрэлдэж эхэлсэн гэмээр дүр зураг харагддаг. Тиймээс тус бяцхан илтгэлдээ энэ талаарх асуудлыг хэдэн зүйлд төвлөрүүлж авч үзэхийг оролдсон юм. Нэгд, Би шаньюй, Туньтухэ шаньюй, Аньго шаньюй болон Пэнхоу нарын 13/14 шаньюй төрж гарсан өмнөд хүннүгийн хааны ураг нь Кянкюй, Хучуцюань нарын шаньюй болон Кюйби, Лю Мэн хийгээд алдарт Лю Юаньхай болон Лю Вэйчэнь, Лю Кужэнь нар хамаардаг язгууртны ургаас тэс өөр гэдгийг баримт, судалгаагаар нотлон харуулахыг оролдлоо. Хоёрт, II зууны хоёрдугаар хагасаас эхлэн өмнөд хүннүчүүд нь энэтхэг-европ болон эртний жун-дигийн удмын овог аймгаас бүрдэх болжээ, холбогдох баримтууд хангалттай. Гуравт, Лю Юаньхайн үед өмнөд хүннүчүүд хүчирхэгжихэд орчин цагийн Монгол Улсын төв, баруун хэсэгт суурьшиж байгаад нүүж очсон овгууд үлэмж нөлөө үзүүлсэн гэсэн цоо шинэ таамаглал дэвшүүлсэн юм.