top of page
Manuhuar.jpg

 MANUHUAR (Манухуар)

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

“Ламбугайн нулимс”-ын хүүрнэлийн урлаг

 

On the narrative art of Tears of Lama by D·Natsagdor

И мэйл хаяг:manuhuar@163.com

БНХАУ ӨМБИС

Түлхүүр үг: “Ламбугайн нулимс”; хүүрнэлийн давтамж; хүүрнэлийн орон зай

Илтгэлийн хураангуй

“Ламбугайн нулимс” хэмээх өгүүллэг бол Д.Нацагдоржийн гүн сэтгэж, тун нарийн бодож боловсруулан, нягт зохиомжилж, урнаар зураглан дүрсэлж бүтээсэн шилдэг хүүрнэл зохиол мөн. Хүүрнэл зүйн үүднээс “Ламбугайн нулимс” өгүүллэгийг задлан шинжилж үзвэл, өгүүллэг дэх хүүрнэлийн давтамж, түүний нягт, хүүрнэлийн орон зайн дүрслэл нь өгүүлэмжийн үйл явдлыг авцалдуулах, ахиулах, зохиолын баатрын зан төрх, сэтгэлийн дотоод ертөнцийг харуулахад гол нөлөө үзүүлсэн байна. Энэ нь Д.Нацагдорж уран бүтээлийнхээ бүтэц хэлбэрийг гойд анхаарч, үг хэллэгийг маш нарийн бодож боловсруулсан төлөвлөгөө, зохиомжийн дагуу сонгон хэрэглэдэг гэдгийг баталж байгаа юм.

Д.Нацагдорж “Ламбугайн нулимс” өгүүллэгээ 1930 оны 10 сард бичжээ. Өгүүллэгт Гандангийн лам, гэвш Лодон хуралд очих замдаа хэдэн янчаан олохыг зорьж явсан Иүй Бай-хуа хэмээх залуу бүсгүйтэй санамсаргүй тааралдаж, түүний ном уншуулах гэсэн хуурамч гуйлтад нь итгэн, гэрт нь очоод Иүй Бай-хуад татагдаж, түүнтэй суун, хэдэн сарын хугацааг тааламжтай өнгөрөөв. Хэдийгээр лам Иүй Бай-хуагийн төлөө бүх эд хөрөнгөө зориулж, шинэ хашаа байшин хүртэл бэлтгэж өгсөн боловч, нэгэн өдөр харин Юй байд хөөгдөж, ингээд аргагүй эрхэнд нулимс асгаруулан гуйсан өгүүлэмжийг дүрслэн бичсэн байна.

Нийгмийн хөгжил дэвшил, соёлын элементийн хувирал байдал, үүний нөлөөнөөс шалтгаалж, нэг уран бүтээл олон янзаар тайлагдах үзэгдэл утга зохиолд олонтоо гардаг. Үзэл санаа чөлөөтэй болсон, нийгмийн хүлээн авах шинж улам тэлж, нэмэгдсэн өнөөгийн нийгмийн хүмүүс уран зохиол дахь хүний өөрийн биеийн бойжилт ухаарлыг анхаарч, уран зохиолын хүн төрөлхтний нийгмийг халамжлах чадавхийг ихэд анхаарч чухалчлах болсон байна.

Түүнчлэн үзэгдэл юмсын тодорхой бус, чухам алин болох нь үл тайлагдах “балархай шинж” (Ambiguity) нь хэдий уран зохиолыг уран зохиолын бус зүйлээс ялгаж байгаа онцлог болохоор, нэг зохиолыг нэг л зүйлээр буюу хоёр зүйлээр тайлбарлах нь нэгэнт уран зохиол судлалд бараг хоцрогдсон арга зүй болж, тохирохоо байжээ. Академич Х.Сампилдэндэв: “Д.Нацагдорж уламжлалын хүрээнд хашигдахгүй, нийгмийн бодгалийн зан төрх, сэтгэлийн дотоод ертөнцийг харуулсан олон зохиол туурвисан бөгөөд ямар нэг хэмжээгээр сэтгэл зүйн шинжилгээ бүхий дүр бүтээх талаар эрэл хийсэн нь “Ламбугайн нулимс” өгүүллэгээр нь илэрсэн юм. Уг дүрийн инээдэмтэй, эмгэнэлтэй болох талаар судлаачид марган, өнөө хүртэл бүрэн шийдвэрлэж нууцыг нь тайлж чадахгүй нь ч бас үүнтэй холбоотой. Нөгөө талаар энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр буй дүрээ анги нийгмийн үүднээс сайн, муу гэж эрс зааглан, эерэг, эсрэг дүр бүтээдэг тогтсон загварыг өөрчилж, өдгөө шинэлэг гэгдэж буй зохиолын баатрын сэтгэлийн дотоод зөрчлийг нээн бичих аргыг Д.Нацагдорж 1930 хэдэн онд эрэлхийлж байсны гэрч юм.”гэж хэлсэн байдаг.

Д.Нацагдорж уран бүтээлдээ зохиолын баатрын сэтгэлийн дотоод зөрчил ба өгүүлэмжийн үйл явдлыг чадамгай уялдуулан, хүүрнэн ярих гайхамшигт ур чадвартай байжээ. Өгүүллэгт Лодонгийн сэтгэлийн дотоод зөрчил ба сэтгэлийн хөдөлгөөний хувиралтыг маш чадамгай дүрслэн харуулсан юм. Энэ нь зохиогчийн хүүрнэх онцгой ур чадвар, авьяас билигтэй нь салшгүй холбоотой нь тодорхой.

bottom of page