
Н.Баярцэцэг
Доктор (Ph.D)
Илтгэлийн сэдэв:
Галдан бошогт хааны Орос улстай харилцсан зарим асуудлыг тодруулах нь
Elucidating Some Issues of the Relationship Between Galdan Boshogt Khan and Russia
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Түүхийн тэнхим
Түлхүүр үг: Галдан бошогт хаан, Хаант Орос улс, Манж Чин улс, XVII зууны II хагас
Илтгэлийн хураангуй
Галдан бошогт хаан Орос улстай найрсаг харилцаа тогтоон харилцаж байсан билээ. Энэхүү илтгэлд Галдан бошогт хаан Манжийн эсрэг тэмцэлд Орос улсаас цэргийн тусламж хүссэн болон Орос улсын баримталсан байр суурийг орос сурвалжийн мэдээгээр тодруулан гаргахыг зорилоо.
1688 оны Халх-Зүүнгарын дайны улмаас Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн нар Манж Чин улсын эзэмшил нутагт зугтан очсон билээ. Тэр үеэс Галдан бошогт хаан Манж Чин улстай илт зөрчилдөх болжээ. Оросын архивын баримтын мэдээгээр, Галдан бошгот хаан 1689 оны сүүлээр элч Дархан зайсангаар Эрхүү хотын захирагч Л.К.Кислянский болон Оросын бүрэн эрхт элч Ф.А.Головин нарт захидал илгээжээ. Тэрээр бүрэн эрхт элч Ф.А.Головинд илгээсэн захидалдаа Оросын хааны цэрэгтэй Хэрлэн голд нийлж, цэргийн хүчээ нэгтгээд Манжийн эсрэг тэмцэх саналыг тавьсан байв.
Ф.А.Головин хариу элчээр Эрхүүгийн хасаг Г.П.Кибиревийг илгээсэн ба Галдан бошогт хаанд 5 зүйл бүхий гэрээг санал болгожээ. Үүнд, “Галдан бошогт хааныг хаанаас хэзээ, хэдэн цэрэгтэй Халхын ямар ноёдыг довтлох гэж буйгаа элчээр Оросын бүрэн эрхт элч болон Сибирийн хотуудад мэдэгдэж байх, түүнийг Халх руу (Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн нарыг хэлж буй) цэрэг хөдөлгөвөл Оросын талаас бас Халх руу цэрэг илгээнэ, Оросын хааны харьяат болсон Халхын ноёдыг довтолж, хохирол учруулахгүй байх, Халхын нөлөө бүхий болон бусад ноёд Оросын хааны харьяат болоход саад бэрхшээл учруулахгүй байх, Халхын ноёд Галдан бошогт хаанд харьяат болоход Оросын талаас бас саад болохгүй, Манжийн талаас түүнд элч ирвэл тэр тухай мэдээг Оросын талд элч илгээж мэдэгдэх, Эрхүүд ирж худалдаа хийхийг дэмжсэн” саналууд байв.
Оросын элч Г.П.Кибирев Галдан бошогт хааны Манжийн цэрэгтэй хийсэн тулалдааныг нүдээр хараад буцсан билээ. Түүнийг Эрхүү хотод Галдан хааны элч Ачин хашиха, Аюуш хашиха нарын хамт очиход Оросын бүрэнт эрхт элч Ф.А.Головин аль хэдийнэ Москва руу буцсан байв. Ачин элч нөхдийн хамт хоёр жил шахам Сибирийн хотуудад саатуулагдаж байгаад 1693 оны эхээр Москва хотод очсон юм.
Галдан бошогт хааны Манжийн эсрэг тэмцэлд Орос улсаас цэргийн тусламж авах оролдлого амжилт олоогүй юм. 1689 оны 8 сард Орос-Манжийн хооронд хилийн гэрээ байгуулагдаж, найрамдалт харилцаа тогтсон байсан учир Орос улсын хувьд Манж Чин улсын эсрэг цэрэг илгээж, Галдан бошгот хаанд туслах хүсэл сонирхол огт байсангүй. Харин Халхын ноёдыг өөрийн талд дагаар оруулах, Сибирийн хотууд Сэлэнгиск, Үд, Нерчүү хотуудын хилийн орчмыг амар тайван байлгахад Галдан бошгот хааны үйл ажиллагааг ашиглахыг санаархаж байсан нь илэрхий юм. Галдан бошгот хааны хувьд Орос улсаас цэргийн тусламж хүсэхийн зэрэгцээ Оросын албаны хүмүүсийг элчээр илгээхийг шаардаж байсан нь түүний ар талд Орос улс байгаа мэтээр харагдуулж, Манжийн хааныг айлган сүрдүүлэх бодлого баримталж байсан бололтой.