top of page
Бигэрмаа.jpg
Р. Бигэрмаа

Доктор (Ph.D), дэд профессор

Илтгэлийн сэдэв:

Монголчуудын хэл, соёлын онцлог орчин үеийн

уран зохиолд илэрсэн нь

(Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн “Газар шороондоо би хайртай” шүлгийн жишээгээр)

 

Language and cultural characteristics of mongolians in contemporary literature

(As an example of a poem “Gazar shoroondoo bi khairtai” by Sh. Dulma)

И-мэйл хаяг:  rbigermaa@gmail.com

  ШУТИС, ГХC, АСС  

Түлхүүр үг: Монголчуудын бичгийн уран зохиол, яруу найраг, уламжлал, соёл зан заншлын онцлог

Илтгэлийн хураангуй

Эрт дээр үеэс эрдэмтэн судлаачид аливаа улс үндэстний хэл, сэтгэлгээ, соёл,   ахуйн холбоо  хамаарлыг   судалж, тэдгээр нь хоорондоо  харилцан нягт уялдаа холбоотой, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн холбож ирсэн зүй тогтлыг  тайлан тайлбарласаар иржээ. Харин “Соёл” гэдэг нь өргөн цар хүрээтэй, агуулга хэлбэрийн хувьд үлэмж баян, нийгмийн үзэгдэл юм. Энэ нь тухайн улс үндэстний түүх, уламжлалтай нягт холбоотой бөгөөд тэрхүү үндэстний зан заншил, амьдрах орчин нөхцөл, ахуй соёл, аж төрөх ёсон, сүшиг бишрэл, амьдралын хэв маяг, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэлгээний онцлог зэргийг багтаасан ойлголт юм.

Монгол үндэсний соёл, сэтгэлгээний онцлог нь тэдний эрхэлж ирсэн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, байгаль орчинтой харьцах харьцаа, хандлагатай нягт холбоотой.

Монголын орчин үеийн утга зохиолыг судлаачид 1920-иод оноос эхэлсэн хэмээн үздэг бөгөөд монголчуудын нийгэм, түүхийн хөгжил дэвшлийг тусган, хөгжсөөр иржээ. Эдүгээ монголын 100 орчим зохиолчийн мянга гаруй бүтээл дэлхийн 20 хэлээр орчуулагдан, 9.5 сая хувь хэвлэгдсэн байна. Мөн төрөөс соёлын бодлогын тухай хуулийг хэрэгжүүлж, үндэсний соёл, уран зохиолыг хөгжүүлэх, бэхжүүлэх, ололт амжилтыг дэлхийн нийтэд сурталчлах зорилготой ажиллаж байна.

Уран зохиолоор дамжуулан тухайн улс үндэстэн өөрсдийн соёл, урлагийн гайхамшигт бүтээлийг туурвиж, өөрийн болон бусдын соёл, уламжлалыг танин мэдэх, дамжуулах боломжтой.

ХХI зуун даяаршил, олон үндэстний соёлын солилцооны зуун учраас монгол соёл сэтгэлгээний онцлог уран зохиолд хэрхэн илэрч буйг судлах зайлшгүй шаардлагатай байна.

Эдүгээ дэлхий нийтээр хил хязгааргүй болж, шинжлэх ухаан, техник технологи хөгжин, мэдээллийн хурд нэмэгдэхийн хэрээр улс үндэстнүүдийн соёл, зан заншил харилцан нөлөөлж,  даяаршлын бас мэдээллийн эрин зуун болж байна. Энэ үед аливаа улс үндэстэн бүр тусгаар тогтнол, соёл, хэл, зан заншил, уламжлалаа хадгалж хамгаалах, хөгжүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.

Иймд бид энэхүү өгүүлэлдээ монголчуудын хэл, соёлын онцлогийг орчин үеийн уран зохиолд, ялангуяа яруу найрагт хэрхэн тусгасан тухай Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн “Газар шороондоо би хайртай” шүлгээр жишээлэн тайлбарлахыг зорилоо. Тус шүлэгт дүрслэгдэж буй монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн онцлог, монгол хүний амьдрах амьдралын мөчлөг, хүн ба байгалийн холбоо хамаарал зэргийг ажигласны үндсэн дээр монголчуудын уламжлалт сэтгэлгээг таниулах, уламжлан хөгжүүлэх, амьдралд хэрэглэх асуудлыг хөндөж, хойч үедээ тайлбарлан таниулах, мэдээллийн эрин зуунтай холбон, олон нийтэд түгээх санаа нь энэхүү өгүүллийн үнэ цэн, шинэлэг тал болох юм. 

bottom of page