
П.Эрдэнэтуяа
Доктор (Ph.D), дэд профессор
Илтгэлийн сэдэв:
Нэр томьёоны стандартчилал дахь хуучин үгийн хэрэглээ
(Монгол Улсын стандартчилсан нэр томьёоны хүрээнд)
Use of Archaic Words in Standardization of Terms
И мэйл хаяг: erdenetuya@msue.edu.mn
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Монгол хэлний тэнхим

Х.Гэндэнпил
Докторант
Илтгэлийн сэдэв:
Нэр томьёоны стандартчилал дахь хуучин үгийн хэрэглээ
(Монгол Улсын стандартчилсан нэр томьёоны хүрээнд)
Use of Archaic Words in Standardization of Terms
И мэйл хаяг: gendenpil_kh@mas.ac.mn
Шинжлэх ухааны академи
Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
Түлхүүр үг: нэр томьёоны стандартчилал, нэр томьёоны стандарт, нэр томьёо, хуучин үг, ухагдахуун, нэрлэлт
Keywords: terminology standardization, terminology standard, terms, archaism, concept, designation
Abstract
The article deals with the possibility of creating terms with archaic words based on the corpus which the Sector of Applied Linguistics, the Institute of Language and Literature, Mongolian Academy of Sciences in collaboration with National Council for Language Policy created from 85 standards of the database of the Mongolian Agency for Standard Metrology. The corpus includes 10421 terms. Archaic words of a language are included in the resource of the passive vocabulary. However, it is important to use them for term formation by semantic transfer and terminologization. The author tries to suggest own proposal on how to use archaic words as terms in terminology standards.
Илтгэлийн хураангуй
Монгол хэлний үгийн сангийн найрлага бүрэлдэхүүнд хамаарах хуучин үгээр нэр томьёо хэрхэн оноох тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албатай хамтран бүрдүүлсэн 85 стандартын 10421 нэр томьёо, тодорхойлолт бүхий хөмрөгийн хүрээнд авч үзэв. Хэлний хуучин үг нь идэвхгүй үгийн сангийн нөөцөд багтах боловч түүнийг үндсэн утгаар, аль эсвэл утга шилжүүлэн, нэр томьёоны үүргээр хэрэглэх нь харь гаралтай нэр томьёог уугуул үгээр оноох, хуучин үгийг сэргээн хэрэглэх зэрэг ач холбогдолтой юм. Түүнчлэн нэр томьёоны стандартчилал гэдэг нь нэр томьёог тусгай стандартад нийцүүлэн батлах үйл явц юм. Иймд нэр томьёоны ухагдахуун, нэрлэлтийг жигдлэх тухайд стандартчилсан нэр томьёоны хүрээнд тайлбарлав.
Нэр томьёо судлал нь тусгай мэргэжлийн ухагдахуун болоод тэдгээрийн нэрлэлт, нэр томьёоны тухай судалгаа юм (Pamela Faber, Silvia Montero-Martínez, 2019: 1). Мөн нэр томьёо зохиох, хэвшүүлэх, жигдлэх, янз бүрийн хүрээнд ашиглах, бусад хэлэнд орчуулах зэргийг судалдаг эрдэм шинжилгээний хавсарга ухаан юм (Зээнямбуу, Базаррагчаа, 2014: 193). Шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёог жигдлэх, хэвшүүлэх, орчуулах хэрэгцээ шаардлага өдөр тутамд урган гарсаар байдаг билээ. Үүнийг тухайн мэргэжлийн салбарынхан болоод хэлний мэргэжилтнүүд хавсран гүйцэтгэж, нэр томьёоны толь бичгээр зохицуулдаг. Нэр томьёоны толь бичгээр энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна нэр томьёоны стандартад нэр томьёог тэмдэглэж, ухагдахууныг тодорхойлно. Тодорхойлолт, тайлбар тэмдэглэл, зураг дүрслэл, жишээ бүхий нэр томьёоны холбогдолт стандартыг нэр томьёоны стандарт (ISO/IEC Guide 2:2004, 5.2) гэнэ. Энэхүү нэр томьёоны стандартчилал тусгай стандартад нийцсэн нэр томьёог батлах үйл явц юм (https://www.gov.wales/bydtermcymru). Мөн бусад нэрлэлтээс илүүд үзэх, аль эсвэл зарим нэрлэлтийг хасаж нэр томьёог тэмдэглэх, ухагдахууныг тодорхойлох үйл явцыг нэр томьёоны стандартчилал гэнэ (Brund de Besse et al, 1997: 154). Түүнчлэн ухагдахууныг жигдлэх нь нэр томьёоны стандартад нарийн, нягт хамааралтай (Pamela Faber, Silvia Montero-Martínez, 2019: 21). Нэр томьёоны стандартчилал нь зөвхөн тухайн үйл ажиллагаанд холбогдуулан зориудаар сонгосон бичвэрт хүчин төгөлдөр үйлчилнэ (Brund de at al, 1997: 154). Бид энэхүү өгүүлэлдээ Монгол Улсын стандарт дахь нэр томьёогоор илэрч буй ухагдахууныг зөв оновчтой тодорхойлох, нэр томьёог жигдлэх, хуучин үгээр нэр томьёо оноох тухай авч үзнэ.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар “МУ-ын нэр томьёоны стандартын судалгаа: Нэр томьёог оноон тогтоох, боловсруулах арга зүйн олон улсын стандарт” суурь судалгааны төслийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албатай хамтран Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Худалдааны үйлчилгээ, Худалдааны газрын ангилал нэр томьёо (MNS 6506: 2015), Гал түймэр унтраах, аврах тоног төхөөрөмж багаж болон тээврийн хэрэгслийн нэр томьёо (MNS 0639: 2016), Байгаль хамгаалал. Газар, Газар ашиглалтын нэр томьёо (MNS 3473: 1983), Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуйн нэр томьёо (MNS 4967: 2000), Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа (MNS 5151: 2002) зэрэг 85 стандартын 10421 нэр томьёо, тодорхойлолтыг түүвэрлэн нэр томьёоны стандартын хөмрөг (цаашид НТСХ гэх) бүрдүүлсэн билээ. Бид энэ удаад уг хөмрөг дэх зарим нэр томьёоны ухагдахуун болон нэрлэлт (designation)-ийг задлан шинжилж, хуучин үгээр нэр томьёо оноох боломжийг авч үзнэ. Ингэхдээ хөмрөг дэх хуучин үгээс бүтсэн зарим нэр томьёоны гарал, утгыг Хорин нэгт тайлбар толь, Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгийн тайлбар чандманийн эрих зэрэг монгол хэлний толь бичгээс ухагдахууныг нэрлэхэд тохирч буй эсэхийг задлан шинжилж үзнэ.