top of page
d6e83264-4cd3-4c74-b1d7-a54b2684dc63.jpg

Л.Эрдэнэчимэг

Докторант

Илтгэлийн сэдэв:

 “Эрдэм” хэмээх үгийн утгын хүрээг авч үзэх нь

 

Considering the meaning framework of the word "wisdom"

И мэйл хаяг:  erdenechimeg@msue.edu.mn

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Монгол хэлний тэнхим

Түлхүүр үг: ёс, эв,  хоршоо үг, хэлц хэллэг, уран зохиол, харьцуулалт
Key words: harmony, ethos,  collocation, idiom, literature, comparison.

Илтгэлийн хураангуй:

Хүрээлэн буй орчин, нийгэм, соёлын харьцаа, сэтгэл зүйгээ хүн танин мэдэж, түүнийгээ хэлээр илэрхийлэн, тухайн зүйлийн ертөнцийн зураглал, сэтгэлгээний тусгалыг хэл шинжлэлийн аргаар судалж, танихуйн тайлбар хийн, дүгнэлт гаргадаг байна. Ийнхүү аливаа зүйлийг танин мэдэж, түүнийгээ үг, хэлээр илэрхийлэхдээ тухайн ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган, нөөц бололцоог шууд ашиглаж, өөрийн гэсэн загварыг буй болгодог ажээ. Энэхүү онолын хүрээнд “эрдэм” хэмээх үгийн сэтгэхүйд туссан дүр зургийг тодорхойлох, тухайн үгийн утга, түүний утгын хүрээнд багтах зарим үгийн утга, хоршоо үгийн бүрэлдүүлбэрээс утгын орон, шинжийг тодруулж загварчлахыг зорилоо.

Эрдэмтэн мэргэдийн тодорхойлолтуудаас харахад, “ЭРДЭМ” гэдэг ухагдахууны цаана а. Мэдлэгийн цогц, б. ид шид, увдис гэсэн утгатай аж. Ерөнхий эрдэм; хурдан морины эрдэм; бийрийн эрдэм; зэвсгийн эрдэм; сэлмийн эрдэм; гарын эрдэм; цэргийн эрдэм; бичгийн эрдэм; урлах эрдэм;  орчуулах эрдэм; үсгийн эрдэм байхаас гадна, “Монголын уран зохиолын дээжис” 108 ботиос түүвэр хийн эрдэм ном (163), ном эрдэм (30), эрдэм мэдлэг (16), эрдэм ухаан (42), эрдэм билиг (7), ухаан эрдэм (12), эрдэм соёл (29), бичиг эрдэм (10), эрдэм ажил (8), ажил эрдэм (4), эрдэм чадал (35), чадал эрдэм, ид эрдэм, увдис эрдэм (3), эрдэм боловсрол (35), гэм эрдэм, эрдэм чадвар, оюун эрдэм, эрдэм оюун, эрдэм жаргал, онол эрдэм (2), эрдэм судар, эрдэм авьяас (5) гэх мэт хоршоо үгийн бүрэлдүүлбэрийг үүсгэн, эрдэм хэмээх үгийн утгыг өргөтгөж буй харьцуулан гаргалаа.

Монголчууд амьдралын явцад хурааж, хуримтлуулсан мэдлэг ухаан, сэтгэл, ачлал, эв зүй, ёс зүй, хүндэтгэлээ “ЭРДЭМ” хэмээн үздэг билээ. Тухайлбал, “Эрдэм төгс хүнийг шүт, Эрдэм мөхөс хүнийг тэвч”, “Эрдмийн дээд эв, Эрхмийн дээд эх”, “Эрдэм чадал бүрдсэн байтлаа эс хэлэх мэргэнээс, Энд тэнд олж сонссоноо хэлэгч мунхаг дээр” “Сайхан ааль нэн эрдэм, Төв сэтгэл бүүр эрдэм” гэх зэргээр томьёолсон байна. Мөн эрдэм чадлыг хүний амьдралын амин чухал хэрэглээ, амьд бүхнийг тэтгэгч “чандмань эрдэнэ” болох устай зүйрлэсэн байдаг. Жишээ нь: “Эрдмийг гүн гэж бүү цөхөр, Эндэгдлийг бага гэж бүү сэхээр”, “Их эрдэм хүн зарна, Бага эрдэм хүнд зарагдана”, “Идээ арвин боловч амсан байж мэднэ, Эрдэм арвин боловч суран байж мэднэ”, “Эв гэдэг хязгааргүй, Эрдэм гэдэг ёроолгүй” гэх зэргээр эрдмийн шинж чанарыг устай зүйрлэж, эрдэм бол “гүн, их, арвин, дүүрэн” юм, түүнд ханана гэж байхгүй, учир нь ёроолгүй хэмээн үзжээ. Тийм ч учраас дэлхий дээрх хамгийн их устай эн зэрэгцүүлэн, “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм”, Эрдэмтэй хүн далай, эрдэмгүй хүн балай”, “Сураад барагдашгүй эрдмийн далай, Судлаад барагдашгүй бодисын далай”, “Яндаж болшгүй далай, Сурч баршгүй эрдэм”, “Усны үзүүр хурцгүй байтлаа уулыг сэтлэх эрдэмтэй”, “Усны үзүүр өнгөрвөл эргэж урсдаггүй, Залуу нас өнгөрвөл эрдэм сурахад бэрх”, “Эрдэмт хүн номхон, Их мөрөн дөлгөөн” гэх зэргээр зүйрлэжээ.

Монголчууд ийнхүү “эрдэм”-ийг ус буюу “Сүн далай-тай зүйрлэхийн зэрэгцээ “Сүмбэр уул”-тай харьцуулдаг байна. Тухайлбал, “Далай хэдий гүн боловч ёроолтой, Уул хэдий өндөр боловч оройтой”, “Далайд хязгааргүй, Эрдэмд оройгүй”,  “Уулын чимэг мод, Ухааны чимэг эрдэм”, гэх мэт энэхүү илтгэлийг бичихийн тулд “эрдэм” хэмээх үг орсон 402, “ус, далай” хэмээх үг орсон 105, “уул” хэмээх үг орсон 224 зүйр цэцэн үгийг түүвэрлэв.

bottom of page