
Д.Идэр
Доктор (Ph.D)
Илтгэлийн сэдэв:
“Юань улсын судар” дахь Их Монгол улс-Алтан улсын харилцаанд холбогдох нэгэн мэдээг нягтлах нь
Analyzing some relationship between Great Mongol State and Jin dynasty in the “History of Yuan (Yuan shi)”
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм,хүмүүнлэгийн ухааны сургууль
Түүхийн тэнхим
Илтгэлийн хураангуй
Түлхүүр үг: Чингис хаан, Их Монгол улс, Алтан улс, Юань улсын судар
Чингис хаан 1206 онд Монголын олон овог, аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан билээ. Их Монгол улсыг байгуулсны дараа Чингис хааны гадаад бодлого, харилцаанд өөрчлөлт гарсан юм. Юуны өмнө Чингис хаан Алтан улсын эрхшээл нөлөөнөөс гарах бодлогыг идэвхтэй явуулах болсон байна. Хабул хааны үеэс монголчууд Алтан улсын түрэмгийллийн бодлогыг хүчтэй эсэргүүцэн тэмцэх болжээ. Ийм учраас Алтан улс Монголын Амбагай хан, Охин бархаг зэрэг язгууртнуудыг барьж цаазлаад Монголын хант улсад сануулга өгч, тэднийг эрхшээл нөлөөндөө оруулахыг санаархаж байв. Гэвч монголчууд Алтан улсын бодлогыг өширхөн тэмцэж, тэдний гар хөл болсон Татартай олон удаа дайн тулаан хийсэн юм.
1189 онд Тэмүүжин Монголын хант улсыг сэргээн байгуулсны дараа Алтан улстай энхийн харилцаа тогтоох бодлогыг баримталж байжээ. Үүний тод илрэл бол 1198 онд Татар-Алтан улсын хооронд өрнөсөн “Улз голын тулаан”-д Чингис хаан Алтан улстай хүч хавсран Татарын Мэгүжин Сүүлтийг бут цохисон билээ. Алтан улс Чингис хааны гавьяа зүтгэлийг сайшааж “Жаути хури” цол шагнасан байдаг. Тэр үед Чингис хаантай хүч хавсран тулалдсан Хэрэйдийн Тоорил “Ван” цолоор өргөмжлөгдсөнөөр “Ван хан” хэмээн алдаршсан билээ. Тиймээс Чингис хаанд өгсөн “Жаути хури” цол ч гэсэн тухайн цаг үед Чингис хаанд зохих үүрэг, нөлөө үзүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, Чингис хаан Алтан улсаас “Жаути хури” цолыг хүлээж авсан нь Алтан улсын сүр хүч, эрхшээл нөлөөг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсний илрэл юм. Үүнийг илтгэх нэгэн мэдээ баримтыг “Юань улсын судар”-т тэмдэглэсэн байдаг.
“Юань улсын судар”-ын 1-р дэвтэр “Чингис хааны намтар”-т тэмдэглэсэн нь “Тавдугаар он [1210 он]-ы цагаан морин жилийн хавар...Эхэндээ [Чингис] хаан Алтан улсад жилийн алба өргөдөг байв. Алтан улсын эзэн Вэй ван (衞王-wei wang) Юньжи (允濟-yun ji)-г илгээж Жинжоу (浄州-jing zhou)-д албыг хүлээн авчээ. [Чингис] хаан Юньжи-тэй уулзахдаа ёсолсонгүй. Юньжи буцаж очоод цэрэглэн довтлохыг гуйсан байна. Гэтэл Алтан улсын эзэн Жин (璟-jing) нас нөгчихөд Юньжи суурийг залгамжлаад зарлиг бичиг улсад хүргүүлж, сөгдөн мөргөж хүлээж авбаас зохино хэмээн хэлүүлжээ. [Чингис] хаан Алтан улсын элчээс асууруун: “Шинэ эзэн хэн бэ?” хэмээсэнд Алтан улсын элч өгүүлрүүн: “Вэй ван болой” гэсэнд [Чингис] хаан өмнө зүгт нулимж өгүүлрүүн: “Би дундад орны эзэн хааныг тэнгэрээс заяат хүн хэмээн боддог. Гэтэл энэ зэргийн болхи мунхаг хүн болох гэж, яахан сөгдөн мөргөх билээ” хэмээгээд даруй морио унаж хойш одов. Алтан улсын элч буцаж очоод мэдүүлсэнд Юньжи ихэд хилэгнэж, [Чингис] хааныг дахиж алба өргөхөөр ирэхэд нь барьж авч алахаар тогтов. [Чингис] хаан үүнийг мэдээд Алтан улсаас харилцаа тасалж, нэн даруй цэргээ засаж бэлтгэв”[1] гэжээ. Үүнээс үзвэл, Чингис хаан хэсэг хугацаанд Алтан улсад алба өргөж, түшмэг хараат явсан нь тодорхой харагдаж байна. Чухам хэдэн оны үед гэдэг нь тодорхойгүй боловч сурвалж бичгүүдийн мэдээ баримтуудыг харьцуулан, нягтлан үзвэл 1198-1210 оны хооронд Чингис хаан жил бүр Алтан улсад алба өргөж байсан бололтой.
Дээрх мэдээ баримтыг үндэслэн Монгол-Алтан улсын харилцааны түүхийг дараах хэдэн үед хуваан үзэж болно. Үүнд:
-
Монгол-Алтан улсын өшилдөн тэмцэлдсэн үе (1130-1197)
-
Монгол-Алтан улсын эзэн-харьяатын ёсоор алба өргөсөн үе (1198-1210)
-
Монгол-Алтан улсын харилцаа хурцдаж, дайлан дагуулсан үе (1211-1234)
[1] 《元史》(yuan shi) 卷1,本紀第1,太祖,中華書局,1976年,15頁。