top of page
Г.Батсуурь.jpg
Г.Батсуурь

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Монголын уран зохиол дахь жендэрийн шинжлэл

Gender analysis of Mongolian literature

И мэйл хаяг:batsuuri@msue.edu.mn

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Утга зохиолын тэнхим

                       

Түлхүүр үг: Хүйс, жендер, феминизм, хүйсийн шинжлэл, эрэгтэй, эмэгтэй, бусад хүйс, ондоо хүн, нөгөө хүн, дайвар хүн, феминист философи;

Abstract

The article addresses the issue of gender in literature and explained it in terms of biological sex and gender. In the second half of 20th century, gender issue become more acute throughout the world, as a result new “gender studies” become literature new terminology and created new unique literature studies. In Mongolia, “gender in literature” is a fairly new topic but this article explains some articles published previously.

Илтгэлийн хураангуй

Хүмүүн төрөлтнийг үүссэн цагаас нь үл амрааж ирсэн суурь асуудлуудын нэг нь эр, эм хүйсийн тухай мэтгээн. Христийн тооллын өмнөх 380 онд философич Платон хожмоо хошин жүжгийн эцэг хэмээн өргөмжлөгдсөн Аристофанд өгүүлсэн нэгэн домогт “Анх ертөнцөд гурван хүйс байсан бөгөөд нарнаас үүдсэн эр хүйс, газраас үүдсэн эм хүйс, бас сарнаас үүдсэн бөөрөнхий хэлбэрт эр, эм хоёрын шинжийг агуулсан төгс хүйс гэж байжээ. Төгсүүд дөрвөн гар, дөрвөн хөлтэй, хоёр тийш харсан хоёр нүүртэй учир ихэд шалмаг, нэн эвсэлтэй, хаашаа ч харж шилжин явах, эргэх чадвартай, ухаан бодол төгөлдөр ажээ. Тиймээс тэнгэрт гарах гарц олж бурхдыг үгүй хийхээр шийдсэнд тэдгээрээс хамгаалахын тулд Зевс өөрийн биеэр оролцох болжээ. Зевс “Тэднийг цавчиж хоёр хуваана, ингэснээр тоо нь олширсон ч хүч нь суларна, тийм байх нь бидэнд ашигтай, харин дахин тэрслэвээс дахин хоёр хувааж ээрүүл шиг болгоно” гэжээ. Тэгээд ганцхан цавчилтаар хоёр хувааж орхитол эр, эм хүмүүс бий болж, нэг тийш харан босоо явах болсон ба ямагт нөгөөхөө хайдаг болжээ” гэсэн байдгаас үзвэл хүйсийн тухай асуудалд хүн төрөлхтөн эртнээс анхаарал хандуулж ирсэн болох нь харагдана.

Эрчүүдийн энэхүү түүхийн турш дахь давуу байдлыг булчингийн хүчээр илүү учраас, илүү түрэмгий авиртайгаас, генетикийн онцлогоос.., гэх мэтээр янз бүрээр тайлбарласан байдаг ч эцсийн тайлбаргүй хэвээр үлджээ. Бүр «Энэ бүхнээс харахад эцгийн эрхт ёс биологийн бодит байдал гэхээсээ илүүтэй хий хоосон домог цуу ярианд суурилсан нь ойлгогдоно. Тийм атал энэ ёс хэрхэн хаа сайгүй хүлээн зөвшөөрөгдөж, өнө удаан оршсон юм бол оо?» гэсэн гайхшрал ч бий.        

Хүйсийн ялгаатай талыг нэлээд судалж тодорхой дүгнэлт өгсөн нэгэн бол З.Фройд. Тэрбээр өөрийн психоанализын онолыг боловсруулах явцдаа хүйсийн асуудалд багагүй анхаарсан байдаг. З.Фройд эр, эм хүмүүсийн хүйсийн ялгаа нь биологийн шинж төдий зүйл, харин нийгэм-соёлын тал тухайлбал сэтгэл нь нэгдмэл бөгөөд ижил гэж үзээд “голын хий” (истери) гэдэг ойлголтыг авч үзсэн.

ХХ зууны хоёрдугаар хагасаас буюу 1950-60-аад оноос эмэгтэй хүн эр хүнгүйгээр бие даан амьдрах санхүүгийн болоод эрх зүйн боломж бүрдсэн. Энэ байдал нь нийгэмд өөр давалгаа үүсгэх шалтгаан болсон ба өнөөгийн нийгэмд эрэгтэй хүн гэдэг ойлголт нь зөвхөн ХУ хромосомтой, тестерон даавар ихээр ялгаруулдаг, төмсөг бүхий, сапиенсийг илэрхийлэхээ нэгэнт больж нийгмээс тогтоосон эрэгтэй хүн гэдэг дүрд тохирсон байхыг шаардах болжээ. Тодруулбал, «...соёлтой холбоотой домог ярианууд эрэгтэй хүнээс тодорхой эрэгтэйлэг үүрэг рольд тохирохыг (улс төрд оролцох гэх мэт), эрх эдлэхийг (санал өгөх, сонгуульд оролцох гэх мэт), үүрэг хүлээхийг (цэргийн алба хаах гэх мэт) шаардана» гэсэн байдаг. Эмэгтэй хүний хувьд ч ялгаагүй, нийгэм-соёлын ахуйгаас бий болсон эмэгтэй хүн гэсэн дүрд тохирохыг шаарддаг.

 Феминист үзлийн хүрээнд ХУ хромосомтой сапиенсийг эр хэмээн нэрлэх, ХХ хромосомтой сапиенсийг эм хэмээн нэрлэх нь биологийн ангилал биш, харин нийгмийн ангилал гэж үзнэ. Учир нь эр, эм хүмүүсийн тухай зан заншил, хууль журам, хэм хэмжээ зэрэг тогтсон ойлголтуудын ихэнх нь хүмүүсийн төсөөллөөс үүссэн байдаг ба эдгээр нь биологитой холбоогүй гэж үзэх болсон байна. Гэтэл уран зохиолд өмнөх төсөөлөл амь бөхтэй оршсоор л байгаа бөгөөд энэхүү хандлагаас монголын уран зохиол ч гажаагүй болохыг мөн өгүүлэлд дурдсан байна.

bottom of page