
Г.Жаргалсайхан
Доктор, дэд профессор
Илтгэлийн сэдэв:
Байгалийг шүтэн дээдлэх ёс монголчуудын ёс суртахууны үнэт чанар болох нь
The worship of nature is the moral value of Mongols
Отгонтэнгэр их сургууль
Түлхүүр үг: Тахилга: цацал, тахил, тавиг, өргөл, хорио цээр, хан, хайрхан
Илтгэлийн хураангуй
Байгаль орчинд хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөг бууруулах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, ээлтэй ашиглах, нөхөн сэргээх, эцсийн дүндээ тогтвортой хөгжлийн үзэл санааг тууштай баримтлахаас өөр аргагүй цаг үед бид аж төрж байна. 1970-аад оноос дэлхий дахин баялгийн хомсдолд орох эрсдэл байгааг эрдэмтэд сануулж эхэлсэн бөгөөд системийн сэтгэлгээний судлаач Лазло “Гурав дахь мянганд бид одоогийн байгаа байдлаа улам сайжруулаад зогсохгүй хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхий болон өөрсдийгөө цоо шинээр харах шаардлага тулгарч байна.” гэсэн бий. Энэ судалгааны таамаглал, дүгнэлтүүд бодит байдал дээр илэрхий болж, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлийн төрөл улам олширч, давтамж ойртож байгааг цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд статистикаар гаргаж, бидний нүдэн дээр ч илэрхий тодорхой болоод байна. Энэ бүхэн хүн төрөлхтнийг байгаль эхтэй зохистой харилцах, түүний өгөөж баялгийг хайрлан хамгаалах, нөхөн сэргээхэд онцгой анхаарахыг давхар сануулж байна. Энэ ч үүднээс 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, Тогтвортой Хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-ээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. 17 зорилгын “Өлсгөлөнг зогсоох”, “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх”, “Хариуцлагатай хэрэглээг дэмжих”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах””, Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах”, “Хуурай газрын эко системийг хамгаалах” гэсэн 8 зорилго шууд ба дам байдлаар байгаль экологи, түүний бүрэн бүтэн байдалтай холбогдож байна. Ингэж үзвэл хүн төрөлхтний тогтвортой хөгжих үндэс гагцхүү байгаль, “хүж дэлхийн амгалан байдал” болж байна.
Яаж байгаль ээжээ амгалан байлгах вэ? Монгол түмний хувьд бол язгуураас байгаль дэлхийг шүтэн дээдэлж, үр хүүхэд нь эцэг эхээ энэрч асрахын үлгэрээр харилцаж ирсэн “хуучин” уламжлалаа эргэн харах, ойшоож үзэх, сэргээх арга боломж юм.
Монгол хүний хүмүүжил төлөвшил, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ёс суртахууны хүмүүжилд илүү чиглэж ирсэн бөгөөд ёсч зан, харилцааны зөв дадал, хандлагатай хүнийг өнөөдрийн үгээр “Зөв монгол хүн” гэж тодорхойлж болно.
Монгол хүний ёс суртахууны үнэт чанарыг гурван зүйлээр авч үзэж болох юм. Нүүдэл иргэншлийн, хувирч хувьсаагүй монгол хүн дараах гурван ёс, сэтгэлгээг зан үйлдээ дадуулсан байна. Үүнд: хүн хүнээ хүндэтгэн харилцах тахимдуу ёс, байгалийг шүтэн дээдлэх ёс, төрд шүтэн захирагдах ёс, эдгээр болно.
Энэ өгүүлэлд Монголчуудын ёс суртахууны үнэт чанарын нэг байгалийг шүтэн дээдлэх ёс уламжлалыг дараах хэдэн зүйлээр авч үзнэ.
1. Байгалийн тухай өргөн мэдлэг бол түүнийг хүндэтгэн харилцахын үндэс мөн
2. Монголчуудын тахилгын соёл бүхэлдээ байгалийг шүтэн дээдлэх харилцааны илрэл мөн.
3. Байгальтай харилцах тусгай хэлтэй байна.
4. Монгол агнуур бол байгаль хамгааллын өвөрмөц арга мөн.