
Н.Гэрэлмаа
Доктор (Ph.D), дэд профессор
Илтгэлийн сэдэв:
Монгол, түрэг хэлний туслах үйл үгийн байдлын утга
The comparative analysis of the meaning of auxiliary verb aspect in Mongolian and Turkish.
И-мэйл хаяг: gerelmaa@num.edu.mn
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль
Ази судлалын тэнхим
Түлхүүр үг: туслах үйл үг, байдлын утга, Монгол, түрэг хэл
Key words: auxiliary verbs, the meaning of aspect, Mongolian and Turkish
Илтгэлийн хураангуй:
МОНГОЛ, ТҮРЭГ ХЭЛНИЙ ТУСЛАХ ҮЙЛ ҮГИЙН БАЙДЛЫН УТГА
Судлаачид байдлын айг үйл үгийн нэгэн онцлог шинж, хэлзүйн чухал ай хэмээн үзэн олон талаас судлан шинжилж иржээ. Байдлын утга нь үгийн язгуур, үндэс, бүтээврийн аль алинд хадгалагдаж байдаг, үг – бүтээврийн дундын шинжтэй, үйл хөдөлгөөний эхлэл, үргэлжлэл, давтамж, төгсгөл зэрэг болцын олон төрлийг ялган илэрхийлдэг өвөрмөц онцлогтой юм.
Монгол хэлний хэлзүйн тогтолцоонд тодорхой байр эзэлдэг үйл үгийн байдлын айн асуудлыг бүрэн гүйцэд ойлгохын тулд бид юуны өмнө хам цагийн судалгааг цуваа цагийн судалгаатай хослуулан хэрэглэх шаардлага зүй ёсоор гарна. Мөн орчин цагийн монгол хэлний байдлын айг түрэг зэрэг төрөл хэлний хэрэглэгдэхүүнтэй харьцуулан судлах нь хэлнийхээ мөн чанарыг тодруулахад чухал алхам болох юм.
Бид энэхүү илтгэлдээ үйл үгийн байдлын утгыг задлаг аргаар илрүүлэх туслах үйл үгийн онцлогийг монгол, түрэг хэлний баримт, эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан тухайлан авч үзэх болно. Хоёр хэлний үйл үгийн байдлын утгыг илрүүлэх задлаг аргын талаарх өмнөх судалгаанаас үзэхэд туслах үйл үгээр байдлын утгыг илрүүлэх явдал ихээхэн түгээмэл тохиолдож байна. Эдгээр судалгаанд гол үйл үгийг даган орж өөрийн үгийн сангийн утгаа тодорхой хэмжээнд алдан байдлын утгыг илрүүлж буй туслах үйл үгсийг үйлийн эхлэл, үргэлжлэл, төгсгөл заах шинжээр нь ангилан авч үзсэн буй. Төрөл хэлүүдийн хүрээнд энэ мэт онцлог үйл үгсэд ямар нийтлэг шинж байгааг тодруулах, үгийн сангийн гол утга хийгээд хэлний хэрэглээн дэх салаа олон утгыг харьцуулан үзэж зохих ажиглалт, дүгнэлт гаргах нь бидний судалгааны ажлын зорилго оршиж байна.
Орчин цагийн монгол, түрэг хэлэнд үйлийн бүрэн, төгс хэрэгжиж дууссаныг илэрхийлдэг 10-12 үйл үг байх бөгөөд цөм өгүүлбэрт туслах үүргээр хэрэглэгддэг гол үйл үг юм. Үгийн сангийн гол утгыг авч үзэхэд олонх нь өөр хоорондоо ойролцоо утгатай байгаа нь ихээхэн сонирхолтой. Жишээ нь, дуусах ~ гүйцэх ~ дүүрэх ~ барах; хаях ~ орхих; чадах ~ дийлэх гэх мэт. Түүнчлэн монгол хэлний хоцрох гэх үйл үг болон орчин цагийн турк хэлний kal- ‘үлдэх’ хэмээх үйл үг туслах үүргээр орохдоо төгсөх байдлын утгыг илрүүлж байна.
“Юмны буй болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох” гэх мэт утгатай монгол хэлний гарах гэсэн үйл үг мөн туслах үүргээр орохдоо эхлэх байдлын утгыг илэрхийлдэг бол тува, тофалар хэлний үн- ‘гарах’ хэмээх үг үйл нийлэмжийн бүтцэд мөн адил үйл явдлын эхлэлийг заадаг ажээ.
Монгол хэлэнд хөдөлгөөн заасан явах хэмээх үйл үг хэрэг явдал үргэлжилж байгааг илэрхийлдэг бол эртний түрэг хэлэнд yorı- ‘явах’ үйл үг туслах үйл үгийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд өнөө орчин цагийн турк хэлнээ -yor ‘одоо цагийн нөхцөл’ болон хувьсан өөрчлөгдсөн байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд туслах үүргээр орж үйл үгийн байдлын утгын олон төрөл зүйлийг ялган илэрхийлж байгаа дээрх мэт үйл үгсийг төрөл хэлүүдийн хүрээнд харьцуулан үзэх, үйл үндсэнд уулаас хадгалагдаж буй байдлын утгыг хэлний хэрэглээн дэх бодит жишээ баримтанд тулгуурлан гүнзгийрүүлэн авч үзэх болно.