top of page
119523554_169013051469508_710802278317381624_n.jpg
Т.Мөнхнаран

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Монголын орчин үеийн уран зохиолд итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн талаар дүрсэлсэн нь

 

Descriptions of faith and piety in modern Mongolian literature

И мэйл хаяг: munkhnaran@msue.edu.mn

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Утга зохиолын тэнхим

Түлхүүр үг: хэрэглээ, хэм хэмжээ, хувьсал хөгжил, чиг хандлага

 

Keywords: usage, norm, evolution, tendency

Илтгэлийн хураангуй

Монголын орчин үеийн гэх тодотголтой уран зохиол нь даруй нэгэн зууны түүхийг ардаа өнгөрүүлж, түүхэн туршлага нэгэнт хуримтлуулахдаа төрөл зүйл, хэв маяг, урсгал чиглэл, утга-сэдэв, сэтгэлгээний түвшин, уран сайхны хэлбэр хийц, хэл найруулга, дүр дүрслэлийн хувьд үндэстний өвөрмөц дүр төрх, үнэт зүйлсийн тогтолцоо, үнэлэмжийн давтагдашгүй бодгаль содон чиг баримжаа бүхий орчин цагийн төлөвшиж тогтсон тогтвортой бичгийн утга зохиолын жишигт нэгэнт хүрсэн давтагдашгүй ганц, өвөрмөц өв санг хуримтлуулж нэгэнт чадсан билээ. 1911 оноос эдүгээ хүртэлх 100 илүү жилийн түүхэн өв санг шинэ ХХI зууны эдүгээх өндөрлөгөөс шинээр харах, үнэлж дүгнэх, өөрчлөлт хувирлынх нь дотоод гадаад шалтгаан нөхцөл, мөн чанар, зүй тогтол тэргүүтнийг нь танин барьж, тайлбарлан тогтоох, үнэлж дүгнэх, ирээдүй хойчийнх нь чиг хандлага, шалтгаан үр дагавар зэргийг тандан таамаглах мэт нь нийгмийн танин мэдэхүйн сэдэвт төдийгүй хувь хүн, өсвөр үе, хүмүүний нийтлэг нийгэмлэгийн гишүүн нэг бүрийн хүмүүжил, ёс суртахуун, ёс зүйн төлөвшил төгөлдөржилтөд ч ач тустай, авшиг хаялга ихтэй эерэг үр дүнтэй ажил судалбарын нэг байх учиртай. Нөгөө талаар өнгөрөгч ХХ зууны 80-90-ээд оны зааг үеэс манай гариг ертөнцийн соёл иргэншил түүн дотроо бидний Монголчуудын түүхэн нийтлэг хамтран оршиж, бүрдүүлэн бүрэлдүүлж явсан социалист чиг баримжаа бүхий нийгэм түүхийн тогтолцоо, үзэл санааны чиг баримжаа, итгэл үнэмшил тэргүүтэн эрс өөрчлөлтөд орсноор нийгэм, түүх, оюун санааны амьдралын бүх хүрээн дэх үнэлэмж болон үнэлэлт 123 дүгнэлт тэрчлэн үнэт зүйлсийн тогтолцоо нь олон талаараа нуран унаж, үгүйсгэгдэх болсон. Энэхүү учир шалтгаан хийгээд зүй тогтлын талаар бид шашин шүтлэг, итгэл үнэмшлийг уран зохиолд хэрхэн дүрсэлж ирсэнг тодруулахыг зорилоо. Ерөөс нийгмийн оюун санааны түүхэн хөгжлийн явцад шашин, философи, шинжлэх ухаан, урлаг, ёс суртахууны байр суурь, гүйцэтгэх үүрэг, өөр хоорондын харилцаа хийгээд харьцаа нь өөрчлөгдсөөр ирсэн. Нийгмийн оюун санааны амьдрал нэн баялаг, олон талтай, нарийн ээдрээтэй бөгөөд хувьсан өөрчлөгдөмтгий, бас зөрчилдөөнт үзэгдэл, үйл явцаар дүүрэн байдаг. Аливаа нийгмийн, тэр дундаа оюун санааны хүрээний нэлээд тогтвортой, тодорхой үндэс суурьтай, бас голлох үүрэг нөлөөтэй бүрдэл хэсгийн нэг нь шашин хэмээх ойлголтоор илэрхийлэгдэх өвөрмөц үзэгдэл, үйл явц билээ. Хүн төрөлхтний түүхийн бүхий л үеийн туршид ямар ч нийгэмд, аль ч улс үндэстний амьдралд шашин шүтлэг тодорхой нөлөөтэй байсан. Гагцхүү тухайн нийгэмд шашны эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөлөл нь нийгэм-улс төрийн нөхцөл байдлаас хамаарч, түүхэн тодорхой үеүдэд өөрчлөгдөн хувирч иржээ. Тухайлбал, социализмын гэгдэх он жилүүдэд монголд шашны нөлөө эрс багасаж, шашны зан үйл, ёс заншил нийгмийн амьдралын зах хязгаар луу шахагдаж, мартагдаж орхигдон, хүмүүсийн өдөр тутмын ердийн амьдралын хэм хэмжээг тодорхойлогч буюу түүнд нөлөөлөгч голлох хүчин зүйл байхаа больж, “өнгөрсний үлдэгдэл” буюу социалист үзэл суртал, аж төрөх ёс, ёс суртахуунд “харш” шинжтэй үзэгдэл гэж тооцогдох үе байв. Түүнчлэн нийгмийн цөөнх хэсгийн хүрээнд хааяа илрэх шашин шүтлэгийн шинжтэй аливаа үйлдлүүд нь нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээ, ёс журам, үнэлэмж эрхэмлэлээс нэлээд “гажууд”, “сөрөг зүйл” мэтээр хүмүүст төсөөлөгдөх нь ердийн үзэгдэл болсон байлаа. Чухамдаа, нийгмийн нэлээд хэсгийн хувьд шашин шүтлэггүй байх нь хэвийн үзэгдэл төдийгүй харин ч социалист үзэл санаа, ёс суртахуунтай нийцсэн зүйл байв. Шашныг үл шүтэх нь шинжлэх ухааны мэдлэг боловсролтой, гэгээрч боловсорсон сэхээтэн буюу нийгмийг шинэчлэн өөрчлөгч шинэ бие хүний гол шинж гэсэн үзэл ойлголт нийтлэг байв тийм учраас шашин шүтлэгтэй байдал нь цаг үеэсээ хоцрогдсон, мэдлэг боловсролоор дорой, хуучинсаг байдлын илрэл болж харагдаж байсан билээ. Ийм байдлаас болж зарим хүмүүс шашнаас цэрвэх, хол хөндий байх, шүтлэг бишрэлтэй байдлаа нуун далдлах, түүнээсээ татгалзахад хүрч байсан нь аажмаар хүмүүс шашныг үл хэрэгсэх, үл тоомсорлох, үл сонирхох байдалд хүргэж байсан байна.

bottom of page